Чөлөөт бөх: Ираны баг Дэлхийн Цомд оролцохгүй байж магадгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн болно. Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий  шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм. Дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгосон байгаа.

Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.

Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.

Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70 хувь, мөнгөн медальт баг 20%, гуравт орсон нь 10 хувийг авах юм.

Харин Ираны шигшээ баг АНУ-д болох тус тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Энэ жилийн хоёрдугаар сард Америкт болох байсан АНУ-Ираны шигшээ багийн нөхөрсөг тоглолтод тэд оролцолгүй эсэргүүцэл зарласан. Учир нь америкчууд Ираны шигшээ багийн таван хүнд, тэр дундаа Бөхийн холбооны тэргүүн Алиреза Дабирад виза өгөхөөс татгалзсан юм. Энэ удаад ч багийн бүрэлдэхүүний хэн нэгэнд виза өгөхгүй бол Ираны баг оролцохгүй байх магадлал маш өндөр. Тэгсэн тохиолдолд “Белград-2022” ДАШТ-д зургаадугаар байр эзэлсэн Словакийн багийг оруулах ёстой. Гэвч словакчууд Белградад ердөө таван бөхтэй барилдсан. Дэлхийн Цомд оролцох 10 хүнтэй бүтэн баг гаргахад тун хэцүү. Хэрэв словакчууд ч оролцож чадахгүй болбол ДАШТ-ий долоодугаар байрны баг болох Турк сонгогдоно. Тэдний хувьд виза, бүрэлдэхүүний асуудал огт байхгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top