ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев ажлаа өгч магадгүй болсон мэдээ Оросын бөхийн ертөнцөд шуугиан тарьж байна. Тедеевийг дэмжсэн олон алдартан сонин хэвлэлээр санал бодлоо илэрхийлж эхэллээ.
Олимпын аварга Роман Власов, Наталья Воробьева, Вадим Богиев, Заурбек Сидаков, Сослан Рамонов, Мурад Умаханов, Бахтияр Ахмедов нараас гадна Хойд Осет болон бусад мужийн олимпын медальтнууд, дэлхийн аваргууд, дасгалжуулагч нар ч тэдэнтэй нэгджээ. Тэд бүгд Тедеевийн багийг нэгтгэх, бэлтгэх мэргэжлийн өндөр ур чадвар, хамгийн чухал мөчид дэмжлэгийн хэрэгтэй үг олж хэлж чаддагийг онцолж байгаа юм. Мөн шигшээ багийг сонгохдоо зөвхөн шилдгүүдийг л сонгодог, ар өврийн хаалга гаргадаггүйг тэмдэглэжээ.
Хөлбөмбөгийн дасгалжуулагч Валерий Газзаев “Жамболатын удирдлага дор Оросын шигшээ баг 100 гаруй медаль авсан. Чөлөөт бөхөд хайртай, дэмждэг хүн болгон Тедеевийг авч хаях оролдлогын мэдээг сонсоод шоконд орсон” гэж хэлсэн бол олимпын аварга, Төрийн Думын депутат Артур Таймазов “Тедеевтэй ОХУ-ын шигшээ багийн бүх том амжилт холбоотой. Жамболат бол манай улс төдийгүй дэлхий дахины хэмжээний мэргэжилтэн. Түүний хувь заяаг спортын ертөнцийнхний санал бодлыг сонсож байж шийдэх ёстой” гэжээ.
Олимпын аварга Заурбек Сидаков “Жамболат Ильичийг зөвхөн Хойд, Өмнөд Осетийн бөхчүүд төдийгүй бусад хот, мужийн бөхчүүд ч дэмждэг. Дэвжээнд авч гарсан тамирчныхаа төлөө хэрхэн ажиллаж, шүүгч нартай дайтаж байгааг та бүхэн олон удаа харсан биз дээ. Бэлтгэл дээр ч тэр шигшээ багийг нэгтгэж чаддаг. Манай шигшээд хэрүүл маргаан гардаггүй. Бүгд нэг гэр бүл л гэсэн үг. Энэ бүхэн түүний л ач. Тэр багийн гишүүн болгоны төлөө ажилладаг. Түүн шиг хүн 100 жилд нэг л төрнө. Шигшээ багийн гишүүн бид түүнтэй л ажиллахыг хүсэж байна. Тамирчид түүнийг байхад илүү хичээж, зүтгэдэг” гэж хэлсэн байна.
Маргааш болох ОХУ-ын Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг шийднэ. Байдал яаж өнгөрөхийг таамаглахад хэцүү. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын шигшээ багт Дагестан, Хойд Осетийн бөхчүүд олон байгаа. Осетийн мэргэжилтнүүд Тедеевийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол дагестанчууд одоогоор юм яриагүй байна. Магадгүй тэд өөрийн хүнээ тавих гэж хичээж болох юм. Тэгвэл Спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Бувайсар Сайтиев тэргүүтэй чеченүүд ч бас чимээгүй суухгүй нь тодорхой.
Сэтгэгдэл ( 1 )
Маньд падгуй хэрэг, илуу юманд хошуу дурэх хэрэггуй, тэнэг сэтгуулч