Норвегийн африк Хаан Эксаус Мукубу

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Испанийн Понтеведрад энэ сарын 17-23-нд болсон U-23 ДАШТ-ий сонгомол барилдааны 82 кг-д Эксаус Мукубу түрүүлж, Норвегт энэ төрлөөр анхных нь Дэлхийн аварга цолыг авч өглөө.

Өнгөрсөн жил өсвөрийн дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт тэрбээр энэ жил түрүүлнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байснаас Хааны титэм авчирсан байлаа. Финалын барилдаанд Хорват Карло Кодричийг ялсныхаа дараа Мукубу титмээ толгой дээрээ залж, Хааны ёсоор баяраа тэмдэглэсэн юм. Мэдээж тэр цэвэр ялсан. Өмнөх гурван барилдаанаа тэр 20:0 буюу нэг ч оноо алдалгүй дуусгасан байв.

Эксаус найман настайдаа иргэний дайнд нэрвэгдсэн Ардчилсан Конго улсаас ээж, ах дүүсийн хамт Норвегт зугтан очсон юм. Харин аавыг нь НҮБ-ын энхийг сахиулагч хүнийхэн аварч, АНУ-д аваачсан байв. Дөрвөн жилийн дараа л тэд аавыгаа амьд байгааг мэдэж, дахин найман жил өнгөрсний дараа л Америкт уулзаж чаджээ. Аав нь одоо ч бичиг баримтын улмаас АНУ-гаас гарч болохгүй байгаа тул хамтдаа амьдарч чадахгүй хэвээр л байна. Гэхдээ аав нь хүүгийнхээ бөхийн замналыг харж, бахархаж суугаа нь лавтай.  

Тэр 10 настайдаа анх бөхийн секцэд орсон. Учир нь ах дүүс хоорондоо байнга зодолддог байлаа. Зодооноос залхсан ээж нь бөхөөр хичээллэдэг хөршөө гуйн, хүүхдүүдээ бөхийн дугуйланд оруулжээ. Эксауст бөх таалагдсан тул үлдэж, бусад ах дүүс нь өөр өөр спортын төрөл сонгосон байна. Тэдний нэг Габриель одоо Норвегийн хоккейн идэрчүүдийн шигшээ багт тоглож байна.

Эксаус 2018 онд Европын идэрчүүдийн АШТ-ий хүрэл медаль аваад ирсний дараа Норвегт түүнийг ирээдүйтэй залуу тамирчин гэж тооцох болов. Гэвч гурван жил хэртэй дахин медаль авсангүй. Харин өнгөрсөн жил тэр тэсрэлт хийж, идэрчүүдийн тивийн аваргаас хүрэл, дэлхийн аваргаас нь мөнгөн медаль хүртэв.

Эксаус энэ жил 82 кг-д барилдаж, түрүүлсэн ч Парисын олимпод оролцох зорилготой тул олимпын жин болох 77 кг-д шилжих төлөвлөгөөтэй. Гэхдээ багш нь 87 кг-ын жинг санал болгоод байгаа гэнэ. Аль ч жинд нь барилдсан сонгомол бөхийн шинэ од олимпын аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй.

Бөх Мукубуд орлого авчирдаггүй. Мөнгө олж, гэр бүлдээ туслахын тулд тэр машины зогсоол олж өгдөг апп зохион бүтээсэн. Гэхдээ тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргахын тулд энэ ажлаа түр хойшлуулаад байгаа.  

Норвегийн бөхийн ертөнцөд Парис олимпын гол найдвар гэгдэж байгаа Мукубу “Зогсоолын төслөө би үргэлжлүүлэн хийнэ. Одоо надад олимпын сонгон шалгаруулалтад сайн бэлтгэж, Парисын олимпын эрх авах нь илүү чухал байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Түүний жишээ манай залуу тамирчдад ч сургамж болох нь гарцаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top