Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Манай тамирчдаас эрэгтэй 63,5 кг жинд ОУХМ Б.Төгөлдөр эхэлж, рингэнд гарлаа. Өрсөлдөгч нь Палестины Абдел Рахман Абудал байлаа.
Манай тамирчин итгэл төгс 5:0 ялалт байгуулсан. Таван шүүгч бүгд манай тамирчинд ялалт өгсөн байна.
Б.Төгөлдөр энэ сарын 14-нд Энэтхэгийн Шива Тхапатай тулалдана. Түүнийг ялбал Өмнөд Солонгосын Мин Сүтэй 1/8-д таарах магадлалтай байна.
Шива Тхапа бол 28 настай, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2013 оны Азийн аварга, 2017, 2021 оны тивийн аваргын мөнгөн медальт, 2015, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт боксчин. Балба гаралтай энэ тамирчин хоёр олимпод хүч сориод үзсэн. 2012, 2016 оны олимпод тухай бүр эхний шатанд ялагдаж байжээ.
Залуудаа маш эрч хүчтэй гарч ирсэн. 2010 онд Бакуд болсон залуучуудын ДАШТ-д Кубын Робейси Рамирест ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэр жилдээ Сингапурын өсвөрийн олимпын наадамд мөн л Рамирест ялагдан, мөнгөн медаль дээр бууж байв. Хагас мэргэжлийн World Series of Boxing лигт АНУ-ын багт тулалдаж байсан. 2021 онд Дубайд болсон тэмцээнд манай Б.Чинзоригт ялагдаж байсан. Гэхдээ 2017 онд Гавьяат тамирчин Д.Отгондалайг ялж байсан гэсэн үзүүлэлттэй.
Сэтгэгдэл ( 0 )