Токио олимпын мөнгөн медальт, Беларусын бөх Магомедхабиб Кадимагомедов олимпын аварга, дэлхийн 6 удаагийн аварга, АНУ-ын Жордан Барроузыг ирүүл тулалдаанд дуудаж, Жордан хүлээн авлаа. Хэзээ, хаана барилдах нь одоогоор шийдэгдээгүй байгаа ч бөхчүүд Барроузын нэрийн борцовктой дэвжээнд гарах нь тодорхой болжээ.
ОХУ-ын сэтгүүлчид Кадимагомедовтой уулзаж, тодруулга авсан байна.
-Халз барилдаан шийдэгдлээ гэж хэлж болох уу?
-Одоо миний хувьд хамгийн сонирхолтой өрсөлдөгч бол Барроуз. Түүнтэй барилдахыг эртнээс хүсэж байлаа. Намайг ч тэр сонирхож байгаа. Барроузын сүүлийн үед байнга ялагдаж байгаа Кайл Дейкийг нь би ялчихсан болохоор тэр ч надтай барилдахыг хүсэж байгаа.
-Чи Барроузыг халз тулаанд дуудахдаа түүний борцовкийг барилдаандаа шалгаж үзье гээд зургийг нь тавьсан байсан. Ямар учиртай борцовк вэ?
-Надад тэр борцовкийг АНУ-д амьдардаг Дмитрий гээд ах маань бэлэглэсэн юм. Америкийн Rudis компани үйлдвэрлэдэг. Кайл Снайдер өнгөрсөн жил Дагестанд зочлохдоо Абдулрашид Садулаев, Хажимурат Гацалов хоёрт бэлэглэж байсныг санаж байгаа биз дээ. Урдаа JB, ардаа alliseeisgold гэсэн бичигтэй. Их сайн борцовк, би цаашдаа энэ борцовктой барилдана гэж бодож байгаа.
-Хэзээ халз барилдаан болох вэ?
-Тодорхой зүйл байхгүй ч ажил эхэлсэн. Киргизээс утасдаж, 12 дугаар сарын 15-нд Бишкек хотод хийх санал тавьсан. Тэд Барроузын санаанд нийцсэн нөхцөл тавихад бэлэн гэсэн. Өөр хэд хэдэн санал ирснийг би одоо судалж байгаа. 12 дугаар сард Дубайд АНУ, Дагестаны чөлөөт бөхийн шигшээ багийн барилдаан болж, тэнд бид хоёрыг барилдуулах санал бас ирсэн. Садулаев, Снайдер хоёр тэнд бас барилдах төсөл байгаа юм билээ. Холимог тулааны UFC холбооны аварга асан Даниель Кормье зохион байгуулна гэж дуулсан. Кормье багийнхаа Хабибтай АНУ, Дагестаны чөлөөт бөхчүүдийн хэн нь хүчтэй вэ гэж байнга маргалддаг гэсэн. Бараг бооцоотой тэмцээн юм уу даа.
Сэтгэгдэл ( 0 )