Нийслэлийн Налайх дүүрэг 38 мянга орчим хүн амьтай. Эдгээрийн 80 хувь нь буюу 20 гаруй мянга нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг дагаад агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Тодруулбал, Цаг уур орчны шинжилгээний газрын “Орчны шинжилгээний хэлтэс”-ээс гаргадаг “Агаарын чанарын мэдээ”-нд Налайх дүүргийн өвлийн улирлын агаарын бохирдлыг байх ёстой хэмжээнээс 8.2 дахин их хэмээн дүгнэсэн байна. Үүнд гэр хорооллын яндангаас гарах нүүрсний утаа нөлөөлөөд зогсохгүй, түүхий нүүрс олборлодог уул уурхайн тоос, тоосонцор ч онцгой нөлөөлж байгаа юм.
Харин 2018 оноос “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэлээд олон бичил уурхай үүдээ барьсан. Гэвч агаарын чанарын индекс улбар шар түвшинд байсаар байгаа учир тус дүүргийн удирдлагууд болоод иргэд Нийслэлийн Засаг даргад удаа дараа “Агаарын чанарыг сайжруулах бүс”-д хамруулж өгөх хүсэлтийг илгээжээ. Хүсэлтийн дагуу 2022 оны гуравдугаар сараас Налайх дүүргийг тус бүс нутагт хамруулахыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.
Ийнхүү өнгөрөгч есдүгээр сараас эхлэн Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг худалдан борлуулж, айл өрхүүдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх төхөөрөмж, зөвлөмжийг шат дараатай өгч эхэлсэн байна.
Энэхүү ажлын хүрээнд өнгөрөгч баасан гарагт /2022.11.04/ “Тавантолгой түлш” ХК-аас Налайх дүүргийн айл өрхүүдэд Монгол инженерүүдийн шинэчлэн бүтээсэн “Угаарын хий дамжуулагч төхөөрөмж”-ийг суурилуулсан юм.
Налайх дүүргийн 7800 гаруй өрхийг “Агаарын чанарын сайжруулах бүс”-д хамруулах бөгөөд тэдгээрийн 5000 нь ийнхүү шинэчилсэн “Угаарын хий дамжуулагч”-тай болж байна.
“Шинэчилсэн” гэж хэлсэн нь учиртай. Өмнө нь дугуй хэлбэртэй, дэлгэц дээр ногоон бичиг гардаг байсан “Угаарын хий мэдрэгч төхөөрөмж”-ийг монгол инженерүүд шинэчилж өөр дээрээ дамжуулагчтай, хяналт хийхэд илүү хялбар байхаар зохион бүтээжээ.
Айл өрхүүдэд өмнө нь ашиглагдаж байсан төхөөрөмж угаарын хийг мэдэрсэн даруйдаа тухайн иргэнд дуут дохиогоор сэрэмжлүүлэг өгдөг байсан бол дамжуулагчийг нэмж суурилуулснаар иргэнд сэрэмжлүүлэг өгөхтэй зэрэгцэн “Тавантолгой түлш” ХК-ийн хяналтын дэлгэцтэй шууд холбогдож, мэдээллийг шуурхай дамжуулдаг болсон байна. Дэлгэцэнд ирсэн угаарын хийтэй холбоотой мэдээллийг оператор 24 цагаар хянах бөгөөд тухайн бүстэй хамгийн ойр хяналтын ажилтанд мэдэгдэн, дохио ирж буй айл, өрх, албан байгууллагатай шуурхай холбогдон, болзошгүй аваар ослоос сэрэмжлүүлэх юм.
Ч.БУЯНЖАРГАЛ: ИРГЭД “ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАХ” ХЭМЖЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨХӨӨРӨМЖ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
Улам шинэчлэгдэж, ухаалагжсан энэхүү төхөөрөмжийг Налайх дүүргийнхэн анхлан хэрэглэж буй энэ. Энэ талаар “Тавантолгой түлш” ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал ингэж ярилаа.
Тэрбээр “Налайх дүүргийг “Агаарын чанарын сайжруулах бүс”-д шинээр оруулсантай холбоотойгоор манай компани шинэ хэрэглэгчдэдээ онцгой анхаарал тавьж байна. Тодруулбал, тус дүүргийн хэрэглэгчид анх удаагаа сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор 7-8 удаагийн сургалтыг иргэдийн дунд зохион байгуулсан. Сургалтаар төслийн болон уламжлалт зууханд сайшруулсан шахмал түлшийг түлэхдээ мөрдөх галлагааны зарчимуудыг зааж өгсөн. Хоёрдугаар, Налайх дүүргийн өрхүүд шинэ хэрэглэгч учраас угаарын хийн эрсдлээс сэрэмжлэх цогц арга хэмжээг авч байна. Үүний хүрээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй тус дүүргийн 7690 өрхөд угаарын хийн мэдээллийг дамжуулах төхөөрөмжийг суурилуулж байгаа юм. Өмнө Улаанбаатар хотод суурилуулж байхдаа зорилтот бүлгийн 60 мянган өрхийг сонгон өгч байсан бол энэ удаад ямар нэгэн цензургүй, шалгуургүйгээр сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй Налайх дүүргийн бүх өрхөд суурилуулж байгаагаараа онцлог” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд 2900 гаруй иргэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд хорджээ. Шалтгаан нь сайжруулсан шахмал түлшний талаар сайн ойлголтгүйгээс болж буруу галласантай холбоотой...
“Тавантолгой түлш” ХК сайжруулсан шахмал түлшийг иргэдэд нийлүүлж эхлэхтэйгээ зэрэгцэн, ерөнхий ойлголт, галлах заавар зэргийг тогтмол өгч байв. Түүгээр ч зогсохгүй зорилтот бүлгийн 60 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулав. Үүний үр дүнд угаарын хийн хордлого 90 гаруй хувиар буурсан юм.
Гэвч шинэ зүйлд “өстэй” мэт ханддаг иргэд төхөөрөмжийг унтраах, эвдэх, бүр зарж наймаалах тохиолдлууд гарч байв. Үүнийг таслан зогсоох үүднээс “Тавантолгой түлш” компани механик арга хэмжээ авч, хяналтын ажилчдыг томилсон боловч үр дүнд төдийлөн хүрээгүй байна. Тиймээс угаарын хий мэдрэгч төхөөрөмж үйлдвэрлэсэн компанид “дамжуулагч нэмж суурилуулж өгөх” хүсэлтийг тавьжээ. “Интеллигент технологи” ХХК-ийн Монгол инженерүүд хүсэлтийг хүлээн авч, өнгөрөгч хоёр жилийн хугацаанд шинэчлэн сайжруулсан “Угаарын хий дамжуулагч төхөөрөмж”-өө “Тавантолгой түлш” ХХК-д албан ёсоор хүргүүлсэн байна.
Ийнхүү шинэчлэгдсэн төхөөрөмж компанийн үйл ажиллагааг хөнгөвчлөөд зогсохгүй иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй Налайх дүүргийн 5000 өрхөд угаарын хий дамжуулагч төхөөрөмжийг суурилуулах бөгөөд арав гаруй хоногийн өмнө эхний 2000-г суурилуулсан бол баасан гарагаас үлдсэн 3000 төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлж байгаа юм.
Сайны хажуугаар саар гэгчээр Налайхчууд шинэ төхөөрөмжтэй дасан зохицох гэж нэлээд будилж байгаа талаар салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд өгүүлж байв. Тодруулбал, арав гаруйхан хоногийн өмнө айлуудад суурилагдсан угаарын хий мэдрэгч төхөөрөмж, давтагдсан тоогоор 4000 гаруй аюулын дохиог хяналтын дэлгэц рүү мэдээлж амжжээ. Олон дахин ирж буй дохионы дагуу мэргэжилтэн хяналт хийхэд “төхөөрөмжийг шалгах зорилгоор тамхины утаа үлээсэн”, “галаа тахих зорилгоор зуухандаа элдэв зүйл шатаасан” зэрэг ахуйн шалтгаанууд байдаг байна.
Энэ талаар Ч.Буянжаргал дарга “Энэ төхөөрөмж хүний амь насыг аврах хэмжээний ач холбогдолтой гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй байна. Эрүүл мэнд нэгдүгээрт учраас бид, сайжруулсан түлшний картаа авахаар ирж буй иргэдээс угаарын хийн төхөөрөмжтэй эсэхийг нь зайлшгүй асууж, шалгадаг болсон. Хэрэв байхгүй бол төхөөрөмжөө авсны дараа картаа ав гэх шаардлагыг тавьж байгаа. Мөн бид төхөөрөмж бүхий иргэдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ингэснээр иргэдийн ойлголт, хариуцлага нэмэгдэж байгаа” гэж ярилаа.
Тухайн төхөөрөмжийг айл өрхүүдэд БОАЖЯ-ны Үндэсний хорооны санхүүжилтээр үнэгүй суурилуулж байгаа. Эхний ээлжинд хийгдсэн 60 мянган төхөөрөмжийг зорилтот бүлгийнхэнд суурилуулсан бол одоо үлдсэн айл өрхүүдээ уг төхөөрөмжөөр хангах шаардлагатай болоод байна. Энэ асуудлаар “Тавантолгой түлш” ХК-аас “Интеллигент технологи” ХХК-д “10-20 мянган ширхэг угаарын хий дамжуулагч төхөөрөмжийг зах зээлд борлуулах зорилгоор үйлдвэрлэх”-ийг хүсчээ. Ингэснээр айл өрхүүд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө худалдан авах боломжтой болох аж.
Харин тэр хүртэлх хугацаанд нийслэлийн иргэд одоо ашиглаж буй “Угаарын хий мэдрэгч төхөөрөмж”-дөө мэргэжилтнүүдээр дамжуулагч холбуулах боломжтой гэнэ.
Г.СОДНОМ: ОЛОН ЖИЛ ХООЛОЙ ХОРСГОСОН УТААНААС САЛЛАА
Налайх дүүргийн 8-р хорооны “Нарлаг”-ын 7-1 тоотод оршин суугч Г.Содномынх арав гаруй хоногийн өмнө “Угаарын хий дамжуулагч төхөөрөмж”-тэй болжээ. Өнөөдөр /2022.11.04/ тэднийд тавьсан төхөөрөмжөөс аюулын дохио хяналтын төвд ирсэн тул “Тавантолгой түлш” компанийн Налайх салбарын мэргэжилтнүүд зорьж очив. Тэд гарахаасаа өмнө Г.Содномтой холбоо барихад гэртээ байхгүй, гадуур явж байжээ. Ийнхүү шинэчлэгдсэн төхөөрөмж ямар шалтгаанаар дуугарсныг шалгахаар очсон юм.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр угаарын хий дамжуулагч төхөөрөмж гэрийн агаар хүн амьсгалж чадахгүй хэмжээнд хүртэл халсан учраас ийнхүү дугарсан байв. Тэд “Сайжруулсан шахмал түлшийг хэт их хэмжээгээр шатааснаас болж, гэрийн агаар халж, хүн амьсгалахад хэцүү буюу аюултай болсон тохиолдолд төхөөрөмж дохиолол өгнө. Энэхүү төхөөрөмж нь угаарын хийг мэдрэхийн сацуу хүний эрүүл мэндэд тулгарах ноцтой асуудлыг ч мэдрэх давуу талтай” хэмээн тайлбарлав.
Энэхүү төхөөрөмж нь угаарын хийг мэдрэхийн сацуу хүний эрүүл мэндэд тулгарах ноцтой асуудлыг ч мэдрэх давуу талтай
Харин гэрийн эзэн Г.Содном “Өглөө гэрээсээ гарахдаа орой ирэхэд дулаан байна гэж бодоод сайжруулсан түлшээ ахиу хийчихсэн юм. Ийм аюултай хэмжээнд хүрснийг сонсоод энэ төхөөрөмжийг суурилуулсандаа маш их баярлаж байна. Би Налайх дүүрэгт 68 жил амьдарч байна. Энэ хугацаанд дандаа л түүхий нүүрсээ хэрэглэж ирсэн. Нүүрсний утаа, уул уурхайн тоос тоосонцорыг олон жил биеэрээ мэдэрсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэдэг болоод хоёр сар гаруй боллоо. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурч байна. Өглөө оройдоо нүд аргаж, хоолой аргадаг байсан бол одоо больсон. Налайхыг тойрсон энэ олон үйлдвэр үүнийг хэрэглэж эхлээсэй. Тэгвэл манай дүүргийн утаа эрс багасна” гэж ярилаа.
НАЛАЙХ: ДОЛООН ХОРООНД БАЙРЛАЛТАЙ 31 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ НҮҮРС БОРЛУУЛЖ БАЙНА
Налайх дүүргийн иргэд долоон хороонд байрлалтай сайжруулсан шахмал түлш борлуулах 31 цэгээр үйлчлүүлэх боломжтой. Харин ямар журмаар иргэдэд түлш борлуулах талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан борлуулалтын мэргэжилтэн А.Эрдэнэмөнх “Сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр ажлын өдрүүдэд 120 тонн, амралтын өдрүүдэд 180 тонн түлш борлуулагдаж байна. Нийлүүлэлт хэвийн, хангалттай хэмжээнд хийгдэж байгаа учраас одоогоор хомстол үүссэн асуудал алга. Борлуулалт дөнгөж эхэлж байхад цэгүүд нэлээд ачаалалтай, борлуулалт өндөртэй байсан бол одоо иргэд харьцангуй ойлголттой, уужуу худалдан авалт хийдэг болоод байна. Үнийн хувьд 25 кг-аар савлагдсан нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах журамтай” гэлээ.
“Тавантолгой түлш” ХК-аас сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг сонгохдоо хэд хэдэн шаардлагыг тавьжээ. Бодит байдал ямар байгаатай танилцахаар тус дүүрэгт байх №483 дугаар борлуулалтын цэгээр оров. Тус цэгт өдөр бүр 5 тонн сайжруулсан түлш нийлүүлэгддэг бөгөөд амралтын өдөр ачаалал ихтэй байагтай холбоотойгоор эрт дуусдаг гэж борлуулагч О.Ганцолмон ярьж байлаа. Тэднийх одоо ашиглаж буй борлуулалтын цэгээ томруулахаар ажиллаж байгаа бөгөөд өвлөөс урьтаж ашиглалтад оруулах аж. Сайжруулсан шахмал түлшний хадгалалтын горимын хувьд ус чийг авхуулахгүй байх гол шаардлагыг тавьдаг байна. Чанар, стандарт алдагдаагүй шахмал түлшийг нэг жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой гэнэ.
ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД, Агаарын бохирдолгүй бүсийг сайжруулсан шахмал түлшээр хангах зөвлөлийн тооцооллоор Налайх дүүргийн нийт өрхийг жилд ойролцоогоор 22 мянган тонн сайжруулсан түлшээр хангах ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Угаарын хий мэдрэгч биз дээ. Дамжуулагч гэхээр аймаар том гэмт хэрэг болох нь дээ, хөө. \n