Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс "Тавантолгой түлш" ХК-ийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед ирсэн.
Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ. Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.
Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа гэж "Тавантолгой түлш" ХК-аас мэдээлэв.
Харин цахим орчинд нийтлэгдсэн согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтсан, гэрт нь хүн байсан гэх мэдээлэл нь ташаа болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр 2023 оны арванэгдүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 06 минутад Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг гудамжны тоотод “Монгол гэр шатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна. Улмаар “О” гэгч нь 11 сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )