Аваргуудын Лигийн СУПЕР сугалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Өчигдөр үдэш Швейцарын Ньонд 2022/2023 улирлын Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа явагдлаа.

Плей-оффт шалгарсан 16 баг ирэх оны хоёрдугаар сарын 14-нд эхний тоглолтоо хийнэ. Шинжээчид энэ сугалааг сүүлийн хэдэн жилд тохиолдоогүй “солиотой сугалаа” хэмээн үзсэн. Ямар ч гэсэн хөл бөмбөг сонирхогчдыг хэд хэдэн супер тоглолт хүлээж байна.
 


«Бавари» (Герман) — ПСЖ (Франц)

«Бенфика» (Португал) — «Брюгге» (Бельги)

«Порту» (Португал) — «Интер» (Итали)

«Манчестер Сити» (Англи) — «РБ Лейпциг» (Герман)

«Тоттенхэм» (Англи) — «Милан» (Итали)

«Челси» (Англи) — «Борусси» Дортмунд (Герман).

«Наполи» (Итали) — «Айнтрахт» (Герман)

«Реал» Мадрид (Испани) — «Ливерпуль» (Англи).


Хамгийн сонирхолтой тулаан мэдээж Реал – Ливерпуль. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн финалд Мадрид цомыг авч, Карло Анчелотти түүхэнд нэрээ мөнхөлж байлаа. Ливерпуль багийн хувьд Реал Мадрид тун эвгүй өрсөлдөгч. 2009 оноос хойш тэд Реалыг хожоогүй байгаа. Аваргуудын лигийн финалд хоёр таарч, хоёуланд нь ялагдсан. Энэ улирал гэмтэл бэртэлд баригдаад, формгүй байгаа, дөнгөж саяхан баг зарагдсан зэрэг сөрөг мэдээлэл Английн багт хангалттай их байна.

Дараагийн том өрсөлдөөн бол Бавари – ПСЖ. Аваргуудын лигийн хараал хүрсэн баг гэж ПСЖ-г нэрлэвэл зохино. Тэд хасагдах шатны эхний тоглолтдоо л дандаа томчуудтай таардаг. Реал, Барса, одоо Бавари. Гэхдээ аваргыг ялж, аварга болдог гэдгийг ойлгох цаг болсон. Хүч тэнцүү хоёр багийн өрсөлдөөн.

Тоттенхэм – Милан бас л сонирхолтой хос. Италичууд Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглолгүй удсан. Тэдэнд Златан Ибра эргэн ирсэн гэсэн сайн мэдээ байгаа ч Антонио Конте дасгалжуулагчийнхаа замналдаа Миланыг 10 ялсан хүн.

Аваргуудын лигийн финал ирэх оны зургаадугаар сарын 10-нд Истанбулын Ататюркийн нэрэмжит олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top