Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг салбарын сайдууд өнөөдөр /2022.11.09/ танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гурван асуудлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
1-рт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор 304-р тогтол гаргаж, мөрдөж байна. Энэ хүрээнд Төрийн ордны Мэдээлэл, үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-г татан буулгаж, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ газарт төрийн ордны ресторан, зоогийн газар, кофе шоф, "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр зэрэг байгууллагууд хамаардаг. Шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тухайн салбарт ажиллаж байсан алба хаагчдыг төрийн албанд нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулж, тэнцээгүй алба хаагчдад гэнэт халагдсаны төлбөрийг олгох гэнэ. Тухайн байгууллагуудын орон тоонд иргэд, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсээр оруулах аж. Ингэхдээ УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүнтэй холбоо хамааралгүй байх талаар тусгай журам гаргаж мөрдөнө.
2-рт, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсантай холбоотойгоор тухайн яамны алба хаагчдыг Засгийн газрын 11-р байрны 1-6 дугаар давхарт нүүлгэн оруулж, тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод хувийн байгууллагуудыг харьяа нүүлгэх шийдвэр гаргажээ.
3-рт, Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор түүнд хамаарах 84 хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулахаар болсон байна. Тус хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Сэтгүүлчийн асуусан "Өргөө амаржих газар"-ын шалгалтын асуудлаар тэрбээр "400 гаруй ажилчидтай тусгайлан уулзаж байгаа учраас шалгалт дуусаагүй, хугацаа сунжирч байна. Цаг тухай бүрт нь мэдээлэл өгнө" гэлээ.
Түүнчлэн тэрбээр Цахим бодлого, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар дуулгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )