Ирэх 12 дугаар сарын 3-нд жүдо бөхийн “Токио Их Дуулга” тэмцээнд оролцох Японы шигшээ багт олимпын хошой аварга Шёохэй Оно багтсан билээ.
Оно Токио олимпод түрүүлснээсээ хойш өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы аварга шалгаруулах үнэмлэхүй жингийн тэмцээнд л зодоглосон. Тэр тэмцээнд ялагдчихаад нэг хэсэг бараа сураггүй болж, бараг зодог тайлах гэж байгаа мэт ярилцлага өгч байсан юм. 73 кг-ын жингийн Оно 90 кг-ын өрсөлдөгчдөө юм бололгүй унасандаа шоконд орсон байлаа. Зургаадугаар сарын Улаанбаатар Их Дуулгад оролцох шигшээ багт дуудагдсан ч бие муу гээд барилдаагүй. Өнгөрсөн сард болсон Кодокан Цомд ч тэр оролцоогүй. Харин энэ удаад “Токио Их Дуулга”-д зодоглоно гэдгээ тэр баталж, “Шигшээ багт дуудагдана гэдэг үнэлэгдэж байна гэсэн үг. Түрүүлэхийн төлөө хичээнэ” гэж ярьсан. Шигшээ багийн дасгалжуулагч Сүзүки Кэйжи тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа Оног дуудсан шалтгаанаа “Энэ жинд хамгийн түрүүлэх боломжтой япон бөх” гэж тайлбарласан юм.
Харин Шёохэй Оног “Токио Их Дуулга”-ын шигшээд шууд сонгосон нь зарим жүдочдод таалагдсангүй.
Соичи Хашимото “ДАШТ-д оролцсон тамирчид Кодокан Цомд барилдахгүй байж болно гэж заасан. Энэ жил Азийн наадам хойшлогдсон тул өөр олон улсын тэмцээнд медаль хүртвэл Кодокан Цомд заавал оролцохгүйгээр Токио Их Дуулгад барилдана. Бусад тохиолдолд заавал Кодокан Цомд заавал оролцох ёстой гэсэн дүрэмтэй. Бүгд тогтсон дүрэм ёсоор явж байгаа. Амьдралаараа дэнчин тавин, тулалдаж байна. Шударга баймаар байна, эрх тэгш баймаар байна” гэж Шёохэй Оног шигшээ багт сонгон шалгаруулалтгүй дуудсаныг шүүмжилжээ.
Дашрамд дурдахад одоо алдарт Тедди Ринер Японы Нара хотын Тэнри их сургуульд зочилж байна. Энэ сургууль Тадахиро Номүра, Шёохэй Оно хоёрын төрөлх сургууль билээ.
Сэтгэгдэл ( 0 )