Бокс: Казахстаны шигшээ багт хагарал гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Иорданы Амманд Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэй 66 кг-ын жинд Казахстаны Мадина Нуршаева шууд хагас шигшээгээс тулалдсан. Хүрэл медалиа халааслаад рингэнд гарсан юм. Түүний өрсөлдөгч нь Өмнөд Солонгосын Чой Хон Гюн байсан бөгөөд шүүгчдийн саналаар солонгос тамирчин ялсан.

Мадинагийн ялагдалд тун ихээр баярласан хүн бол түүний жингийн өрсөлдөгч, нутаг нэгт, идэрчүүдийн дэлхийн аварга Надежда Рябец байлаа.

Надежда инстаграм хуудсандаа “Ямар ч тулаангүй хагас шигшээд шалгарчхаад ялагдана гэж арай хэтэрхий юм. Энэ бол 66 кг-ын Ази, танилц” гээд “Хэрэв чамайг гэрт чинь зодож байвал олон улсын дэвжээнд гарах ч хэрэг байхгүй” гэж нэмсэн байв.

Азийн АШТ-ий өмнө Казахстаны боксын холбооноос хоёр тамирчныг спарринг хийлгэхэд Надежда илт давуу байсан ч шигшээ сонгогдоогүйдээ ихэд бухимдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Тэрээр “Үнэн шударгын төлөөх пост. Би эх орныхоо нэр хүндийг олон удаа хамгаалж байсан тамирчин хүний хувьд, дэлхийн аварга, Азийн аварга, өсвөрийн олимпын хүрэл медальт, Токио олимпод оролцсон цорын ганц казах эмэгтэй боксчны хувьд Казахстаны эмэгтэй боксын шигшээ багт болж байгаа шударга бус байдлыг илчилмээр байна. Манай шигшээд спортын зарчим гэж огт байхгүй. Энэ видеонд миний жинд Азийн аваргад оролцох болсон Нуршаев бид хоёрын спарринг байгаа. Яагаад илүү байгаа намайг сонгосонгүй вэ? Хариулт нь тэр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн шавь. Ахлах дасгалжуулагчийн хувийн амбиц үндэсний ашиг сонирхлоос дээгүүр байдаг. Би дуугүй байж чадахгүй. Энэ бүхэн эцэс болох ёстой” гэж зарласан юм.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top