Хасанбой Дусматов: Казахаас хариугаа авахын тулд би сонирхогчдод эргэн ирсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

“Рио-2016” олимпын наадмын аварга, Узбекистаны боксчин Хасанбой Дусматов өчигдөр 51 кг-ын жингийн хагас шигшээд манай Х.Энхмандахыг ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тулааны дараа тэрээр “Энэ өрсөлдөгчтэй анх удаагаа тулж байна. Түүнийг судлахад нэг үе шаардлагатай боллоо. Завсарлагааны үеэр дасгалжуулагч нарын маань өгсөн заавар маш их хэрэг болж, Бурханы ачаар ялалт байгууллаа” гэж ярьсан байна.

Финалд тэр Казахстаны Сакен Бибосыновтой алтан медалийн төлөө тулалдах юм. энэ талаар Хасанбой Дусматов “Шигшээд би Бибосыновтой тоглохыг л хүлээж байлаа. 2021 оны Сербид болсон ДАШТ-ий ялагдлынхаа хариуг авах цаг ирлээ. Би түүнээс хариугаа авах гэж л Азийн АШТ-д ирсэн. Үнэнийг хэлэхэд тийм болохоор л би сонирхогчдын бокст эргэн ирсэн юм. Бокст шударга бус зүйл их байна. Манай олон залуу тамирчин хэлмэгдэж байна. Гэхдээ тэд дараа дараагийн тэмцээнд амжилт гаргана гэж би итгэдэг” гэж ярьжээ.

Хасанбой Дусматов – 2016 оны олимпын аварга, Азийн хошой аварга (2015, 2017), 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт.

Сакен Бибосынов – 2020 оны олимпын наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top