Ухаалаг, хүчирхэг Т.Санчир Монголын шигшээд ялалт авчирлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлхийн стандартад нийцсэн “UG Arena”-д Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эхний  тоглолтыг Тахити болон Тайландын шигшээ багууд хийсэн. Харин түүний араас Монголын эсрэг Малайзын шигшээ баг тоглолоо.

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн гурав дахь тоглолтод Тайландын шигшээ багийн эсрэг Тахити улсын баг тоглосон юм. Тоглолтын эхнээс Тайландын шигшээ баг илүүрхэж явсаар 114-46 харьцаатай хожил авлаа байлаа. Ингэснээр Тайланчууд хоёр дахь ялалтаа авсан бол Тахитичууд хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Тайландын баг энэ тоглолтод бөмбөг алдалтаас 50 оноог авсан бол Тахити улсын баг найман оноог авсан байна. Мөн Тайланчууд 50 хувьтай довтолж эсрэг баг 30 хувьтай довтлуулжээ. Тус тоглолтод Тайландын багаас Накорн Жайсанук 18 оноогоор баг тэргүүлсэн бол багийн хамтрагчдаас дөрвөн тоглогч 10-с дээш оноог авлаа. Харин эсрэг багаас Хэймоана Теймтоуайтау  10 оноогоор баг тэргүүлсэн байна.

Монгол шигшээ баг эхний ялалт авлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн дөрөв дахь тоглолт Монгол болон Малайзын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт эхлээд манай багийнхан биеэ барьж, тоглолт нь гарахгүй байснаас Малайзын шигшээ тэргүүлж эхэлсэн.

Гэвч удалгүй өрсөлдөөн хурцадсан. Энэ тоглолтод онооны тэргүүлэл 13 удаа солигдсон байна. Мөн тоглолтын турш Монголын баг 19 минут 58 секундийн хугацаанд онооны илүүтэй тоглосон бол Малайзын баг 16 минут 51 секундийн турш илүү байжээ.

Энэ статистик үзүүлэлтхоёр багийн тоглолт ямар ширүүн уур амьсгалтай болсонг илтгэнэ. Малайзын багийн хувьд сүртэй хувилбар, эрч хүчтэй довтолгоо үгүй, холын шидэлтэд найддаг, дундаас ч боломж гарвал шидэх дуртай баг байв. Тэд гурван онооны шидэлтээр 42 оноог авсан нь ч үүнийг илтгэнэ. Харин манай багийн хувьд будагтай талбай болон хурдан довтолгооны оноогоор илүүрхсэн юм. Гэхдээ тооны зөрүү арван оноо болж, Малайзын баг тасарч эхлэх үед багаа удирдан, тоглолтын хувь заяаг эргүүлсэн тоглогч бол ОУХМ Тунгалагийн Санчир байлаа. Т.Санчир яг энэ эгзэгтэй үед гурван ч удаа холоос оновчтой шидлээ. Гэхдээ энэ онооноос илүү түүний довтолгоо, сэтгэл зүй өрсөлдөгч багийн сүр сүлдийг доройтуулах гол нөхцөл болсон юм.

Бөмбөг залан самбар луу дайрахад түүнд саад болж чадах тоглогч эсрэг багт байсангүй. Биеийн хөгжил, хүч чадлаар Т.Санчир ааглаж байлаа.

Үзэгчид Т.Санчир хэмээн уухайлж, тэр ч багаа ялалтад хүргэсэн. Багийн лидер гэж ийм л тоглогч байх ёстой билээ. Тоглолтын эцэст аль нь ч ялж магадгүй болсон түгшүүртэй үед ч ялалтын цэгийг Т.Санчир л тавьсан юм.

Тэрээр 36 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн. Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Ижилболдын зөв шийдвэр, ухаалаг сэлгээнүүд ялалтад чухал хувь нэмэр болсон. Залуу дасгалжуулагч ийнхүү шигшээ багийн олон улсын замналаа ялалтаар эхлүүллээ.    

Харин эсрэг багаас  Чун Хон Тин 33 оноо, 10 самбараар багаа тэргүүлсэн бол  И Хоу Вон 29 оноо авч түүнд тусалжээ.

Өнөөдөр 15:30 цагаас Тайландын эсрэг Вьетнам, 18:30 цагаас Тахитигийн эсрэг Монголын баг тоглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top