FIBA Asia Cup: Огшоож, омогшуулсан Монголын ялалт

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр буюу тэмцээний 4 дэх өдрийн эхний тоглолтыг Малайз болон Таити улсын багууд хийлээ. Харин түүний араас талбайн эзэн Монголын баг Вьетнам улсын багийн эсрэг тоглолоо.

Малайзын баг эхний ялалтаа авлаа

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсэгт амжилт тааруухан яваа Таити болон Малайзын багууд хоорондоо тоглолоо. Таити улсын баг тоглолтын эхний үед урам зоригтой, эрч хүчтэй тоглож 20:8-ын харьцаатай тэргүүлсэн юм. Гэсэн хэдий ч бусад гурван үед Малайзын баг илүү тоглосноор 70:62-ын харьцаатай хэсгийн эхний хожлоо авлаа. Таити будагтай талбай, хурдан довтолгооны оноогоор илүү тоглосон бол Малайзын баг довтолгооны хоёр дахь боломж, сэлгээний оноо, бөмбөг алдалтаас авсан оноогоор илүү тоглосон байна. Энэ өдрийн онцлох тоглогч нь 26 оноо, 7 самбар авч багаа хожилд хөтөлсөн И Хоу Вон байлаа. Харин Таити улсын багаас  Мауи Руфина 14 оноо, 6 самбараар багаа тэргүүллээ.  Таити улсын баг энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүлж байгаа. Харин Малайз маргааш Вьетнамын багийг хожвол хэсгээс гарах болзлоо хангана.

Монголын багийн ялалт 

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн Монгол болон Вьетнам улсын багуудын тоглолт тун чухал тоглолт байсан.

Хэсгээс гурван баг гарах тул тэргүүлэгч Тайландын араас хоцролгүй нэхэхийн тулд хэн хэн нь ялах шаардлагатай байв.

Вьетнамчууд эхний тоглолтдоо Таитиг 84:41 харьцаатай ялсан. Дараа нь Тайландын шигшээд 55:81 ялагдсан билээ. Манай багийн хувьд хүчтэй Тайландтай тоглохын өмнө Вьетнамыг ялж, хэсгийн хоёрдугаар байраа баталгаатай болгох нь нутгийн эзний үүрэг байлаа. Манай холбон тоглогч Сэргэлэн хуруугаа хугалсан тул М.Өлзий-Орших гарч ирсэн.

Тэр тоглолтын эхний оноог алсын зайнаас шидэж авсан. Энэ нь ч түүнийг энэ тоглолтын баатар болох эхлэл байжээ гэлтэй. Гэхдээ эхний үед манай баг тааруухан тоглосон. Хамгаалалт алдаа ихтэй, замбараагүй, довтолгоонд холоос хамаагүй шидээд оновчгүй болоод байв. Харин Вьетнамын Тран ингэж алсаас шид гэж зааж буй мэт оноо түүсээр, эхний үеийг вьетнамчууд 21:26 тэргүүллээ.

Хоёрдугаар үед манай алдаа багасаж, Т.Санчир, Билгүүн, М.Өлзий-Орших нарын зүтгэлийн ачаар оноог хоёр ч удаа тэнцүүлсэн. Тоглолт орж эхэлсэн тул хоёрдугаар үеийг манайх 46:45 илүүрхэн төгсгөсөн юм.

Гуравдугаар үеийг манайх эрч хүчтэй эхлүүлсэн. Вьетнамаас 66 дугаартай Нгуен алдаагүй оноо авч байсан бол манайхан бүгд жигдхэн. Сэлгээгээр орсон хэн ч авах оноогоо авна. Тооны харьцаа 55:49 байхад манай хамгаалалт тун сайн тоглож, шидэлтийг блок хийн хааж, хоёр дараалан таслаад хурдан сөрөг довтолгоонд орж, Билгүүн гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэлээ. Вьетнамын баг тайм-аут авсан ч тусыг эс олов. Манай шигшээ тоглолтыг хянаж, гартаа авснаар энэ үеийг 63:57 дуусгалаа.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Монголын шигшээ алдаа маш бага тоглосон. Үзэгчдийн дэмжлэг тамирчдыг хөөргөж, ээлж дараалан, таслалт, хаалт, оновчтой дамжуулалт, шидэлт гүйцэтгэсээр арван оноогоор тасарч эхэллээ. Харин Вьетнамын шигшээ сандарч яарч, холоос хамаагүй шидэж эхэлсэн. Ихэнх нь байндаа тусахгүй байсан тул манай баг сөрөг довтолгоогоор оноо түүнэ. Тоглолт дуусахад 2 минут дутуу байхад хурдан довтолгооноос Билгүүн тохсоноор үзэгчдийн цөсийг хөөргөж, ялалт манай талд болсныг албан ёсоор зарласан юм.

Ийнхүү манай шигшээ тун хариуцлагатай тоглолтод 88:77 ялалт авлаа. Тус тоглолтод манай баг тун жигдхэн тоглосон бөгөөд А.Энхбаясгалан 17 оноо, 6 самбараар багаа тэргүүлжээ.  М.Өлзий-Орших бөмбөг барилт, салгалт, дамжуулалт, мэдрэмж тун сайн байсныг онцлох хэрэгтэй.

Харин эсрэг багаас Хуйн Фу Вин Нгуен 28 оноо, 6 самбар, Хоа Данг Тран 20  оноо, 4 самбар, 4 бөмбөг таслалт хийсэн байна.

Өнөөдөр Монголын шигшээ хэсгийг тэргүүлэгч Тайландын багтай “тулалдана”. Тайландын шигшээ тун сайн баг гэдэг нь харагдсан ч тоглолт Улаанбаатарт, манай нийслэлд болж байгаа билээ. Ийм хүнд тоглолтод л хөгжөөн дэмжигчдийн үүрэг их. “Уран ган” ордондоо очиж, багаа дэмжихийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top