Олон улсын самбо бөхийн холбооноос (FIAS) албан ёсоор САМБО бөхийг үндэслэгчээр ганц Анатолий Харлампиевыг (ЗХУ-ын үе болон дараагийн үед ингэж үздэг байв) биш түүний өмнөх Василий Ощепков, Виктор Спиридонов нарыг ч мөн тооцох болсноо зарлалаа.
FIAS холбооны ерөнхийлөгч Василий Шестаков “1938 онд анх самбо бөхийг ЗСБНХУ-ын Спорт хороонд танилцуулж, албан ёсны спортын төрөл болгосон Анатолий Харлампиевын гавьяаг бид үнэгүйдэх гэсэн юм биш. Гэхдээ манай холбооноос хийсэн судалгааны дүнд гарч ирсэн түүхэн баримтаас үзэхэд Василий Ощепков, Виктор Спиридонов нарыг ч үндэслэгчээр тооцох ёстой гэдэг нь харагдсан. Тэд самбо бөхийн тодорхой системд оруулсан анхны хүмүүс байлаа. ЗХУ-ын үед эхэлсэн энэ түүхэн алдааг бид засаж, энэ хоёр эрхэмд хүндэтгэл үзүүлэх ёстой. Тийм учраас бид 40 жилийн түүхтэй Харлампиевын нэрэмжит тэмцээний нэрийг өөрчилж, “Самбо бөхийн үндэслэгчдийн Цом” нэртэй болгосон” гэж Матч ТВ-ийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )