Ирэх ням гарагт Катарт хөлбөмбөгийн ДАШТ эхэлж, арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх юм.
Нэг сарын хугацаатай спорт сонирхогчдыг цэнхэр дэлгэцийн өмнө уян суулгах “Катар-2022” тэмцээнд оролцох багууд хэдэн төгрөгийн ашигтай ажиллах, ямар орлого олох талаар танилцуулъя.
ФИФА-гийн албан ёсны мэдээллээр ДАШТ-ий шагналын сан 440 сая ам.доллар. Энэ нь 2018 оны дэлхийн аваргаас 40 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэмцээнд оролцох 32 баг тэмцээнд бэлтгэхдээ бүгд 1,5 сая ам.доллар авсан. Мөн хэсгийн тоглолтын шагнал хэмээн бүгдэд нь 9 саяыг өгнө. Дэлхийн аварга болсон баг 42 сая ам.долларын шагнал хүртэнэ. Ингэхээр түрүүлсэн баг Катараас 52,5 сая доллартой нутаг буцах юм.
Мөнгөн медаль баг 30 сая, хүрэл медалийн эзэн 27 сая, дөрөвдүгээр байрны баг 25 сая ам.долларын шагналтай.
Үлдсэн багуудад:
5-8 байр - 68 сая ам.доллар (нэг багт 17 сая);
9-16 байр - 104 сая доллар (баг тус бүрд 13 сая).
Мөн 209 сая ам.долларыг ДАШТ-д тоглогчоо илгээсэн клубүүдэд хуваарилна.
Дэлхийн аварга багуудын шагналын мөнгө
1982 он – 2,2 сая ам.доллар
1986 – 2,8 сая
1990 – 3,5 сая
1994 – 4 сая
1998 – 6 сая
2002 – 8 сая
2006 – 20 сая
2010 – 30 сая
2014 – 35 сая
2018 – 38 сая
2022 – 42 сая
“Катар-2022” тэмцээний Зохион байгуулах хорооны дарга Насер Аль-Хатер “Том хэмжээний спортын тэмцээн явагдахад жуулчдын урсгал эрс нэмэгддэг. Жишээ нь, Бразил, ОХУ-д ч гэсэн энэ үзэгдэл ажиглагдсан. Бид ДАШТ-ээс 17 тэрбум ам.долларын орлого хүлээж байна. Харин зарлага 8 тэрбум ам.доллар байлаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )