"Катар-2022" ирэгсдэд хэрэггүй ч байж мэдэх зөвлөгөө

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр 1 сая гаруй үзэгчид дэлхийн өнцөг бүрээс ирнэ гэсэн тооцоо буй. Мэдээж манай Монголын маань хөлбөмбөгийн хорхойтнууд цөөнгүй Дохад хөл тавина. ДАШТ-ий өмнө Катарын тухай элдэв хэтрүүлэгтэй мэдээнүүд энд тэндгүй л "сэвэгдэж" байгаа. Хаана ч болсон тийм яриа гардаг. За эдгээрийг үл тоогоод Катарт ирэхдээ анхаарахад илүүдэхгүй ганц нэг зүйл санаснаа хуваалцъя.

Мэдээж хол яваа хүнд хамгийн чухал зүйл бол харилцаа, холбоо. Катар 220в -ийн англи стандарт гэдэг (G гэж ч бас хэлэх юм билээ) гурван хавтгай нүхтэй розеткатай. Энэнд таарсан хувиргагч, утас, компьютерын цэнэглэгчээ аваарай!

За хилээр бол согтууруулах ундаа (архи, пиво, вино гэх мэт) нэг шил ч байсан хураагаад авах тул авчирч, ачааны нэмэр болгож хэрэггүй шүү!

Тэрний оронд шорт буюу богино өмдөө эрчүүд авч болно. Гадуур шорттой явахад асуудалгүй. Харин төрийн байгууллагууд, сүм хийд гэх мэтэд шорттой бол оруулдаггүй гэж байна. Эмэгтэйчүүд мөрөө ил гаргахгүй, мини юбка өмсөхгүй байхад л болно.

Их том мэргэжлийн фото аппарат, эсвэл камер хэрэггүй! Бичлэг хийхэд заавал тусгай зөвшөөрөл авдаг журамтай тул бөөн төвгийн нэмэр. Гар утас гэж фото аппарат, камер орлодог сайхан зүйл байхад тээ. Гар утсаар бичлэг хийхэд зүгээр.

"Хаяяа" хэмээх Катарт нэвтрэх эрх бүхий кардтай бол нийтийн тээвэрт (метро, трамвай, автобус) үнэгүй. Нисэх онгоцны буудлаас хотын төв хүрэх метроны чиглэл ч бий. Такси, Uber хөлөглөж болно, таксины Karwa, Al million гэсэн оператор компаниудаас сонгоорой!

Хоол ундны хувьд олон сонголт бий, үнэ боломжийн. Ази, Европ, Америк, Африкийн "гал тогоо" аль аль нь байгаа.

Онгоцны буудал дээр үүрэн телефоны Ooredoo оператор компани 2022 минутын үнэгүй ярих, мессеж бичих сим кард үнэгүй тарааж байсан.

Нээрээ их халуун гэж бодоод "зунаараа" ирэв дээ. Халуун нь халуун гэхдээ "өвөл" нь болж буй тул гайгүй. Зузаан цамц, нимгэвтэр курткагүй бол дотор орохоороо хүйтэн агаараар үлээлгээд жиндэх юм билээ. За тэгээд нарнаас хамгаалах тос энэ тэр хэрэгтэй л байх. Цөлийн салхи хуурай (уруул хагарах, хацар хорсдог л гээд байна) болохоор.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.191.104) 2022 оны 11 сарын 21

Зурагтаар л сайхан харна даа,

0  |  0
Top