Ном хэвлүүлэхийн тулд Соёлын яамнаас тогтоосон стандарт гэгчийг мөрдөх, түүнчлэн хүүхдийн номд агуулгын стандарт, цензур тогтоосон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодрууллаа.
-Олон нийтийн сүлжээнд Соёлын яамнаас ном, хэвлэлтэй холбоотой журам боловсруулсан нь агуулгын болон бусад байдлаар цензур тогтоож байна гэсэн мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Юуны өмнө Соёлын яамнаас хүүхдийн болон бусад зохиолын агуулгад ямар нэг хэлбэрээр цензур тогтоох, түүндээ үндэслэн ном хэвлэх зөвшөөрөл олгох гэх мэт ажил хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ном, зохиолын агуулгад ямар нэг байдлаар цензур тогтоох боломжгүй, ийм ажил хийх нь бүү хэл, огт яригдаагүй. Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл утга зохиол, ном хэвлэлийн салбарын болон энэ салбарт оролцогч талуудыг хамруулсан бүрэн судалгааг хийж, салбарын бодлого тодорхойлох, аливаа баримт бичгийг гаргахдаа салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж ирсэн.
-Тухайлбал?
-Соёлын яамны хийсэн судалгаагаар Монгол Улсад 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, хоёр цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь зохиол бүтэх төрөхөөс эхлээд хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, олон нийтэд түгээх, шүүмж бичих, сурталчилгаа хийх гэх мэт олон дамжлагыг цогцоор нь харах асуудал гэсэн үг.
-Цензурдэх ойлголт байхгүй гэсэн үг үү?
Дээрх бүх оролцогч талууд нийлж байж нийгмийн соён гэгээрлийг бий болгож байгаа. Соёлын яам нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой салбар мөн гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтаасан. Улмаар салбарын процессын зураглалын дагуу үе шаттай бодлогын ажлууд хийгдэж байгаа. Эдгээр дунд ном, зохиолын утга агуулгыг цензурдэх гэх мэт асуудал огт байхгүй.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )