Ц.ЭНХТҮВШИН
Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
"Катар-2022" хөлбөмбөгийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд хэдийнээ нэгэн долоо хоногийг үджээ.
ТУНИС-АВСТРАЛИ 0:1
Африкчууд эхний тоглолтоо Данитай тэнцэн, өөдрөг тэмцээнийг эхлүүлсэн ч Азийн төлөөлөл Австралид хожигдсоноор сүүлчийн Францыг заавал хожих төдийгүй Дани-Австрали хоёр тэнцсэн тохиолдолд хэсгээсээ гарах онолын магадлалтай л үлдэв. Харин тун чухал хожил авсан "Ногоон тивийнхэн" Данийг хожиход хэсгээсээ гарахаар байна. Мөн Франц Тунисыг хожсон үед тэнцээ л австраличуудад хангалттай.
ПОЛЬШ-САУДЫН АРАБ 2:0
Тоглолтын гол үйл явдал эхний хагасын төгсгөлд өрнөв. Польш тооны харьцааг нээсэн ч Саудын Араб тун удалгүй пенальти цохих эрхтэй болсон. Гэвч ашиглаж чадсангүй. Тоглолтын цэгийг өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогч Левандовски орууллаа. Лева ДАШТ-д анх удаагаа гоол хийж үзэж буй нь энэ. Баярлаад нулимс унагах аж. Түүний энэ гоол ДАШТ-ий бүх цаг үеийн 2600 дахь гоол болжээ. Польш хэсгээ 4 оноотой тэргүүлж буй ч бүх зүйл хэсгийн сүүлчийн тоглолтоос шийдэгдэнэ. Саудын Араб Мексикийг хожвол баттай гарна.
ФРАНЦ-ДАНИ 2:0
Мбаппегийн хоёр гоолын ачаар дэлхийн аваргууд хасагдах шатанд тоглох болзол хангасан анхны баг боллоо. 24 ч хүрээгүй "амиа пацаан" Мбаппе дэлхийн дэвжээнд 7 гоолтой болж, Франц хөлбөмбөгчдөөс ДАШТ-д оруулсан гоолын тоогоор зөвхөн Жюст Фонтэйний ( 13 гоол) дараа бичигдэх боллоо. Дани муугүй тоглож, боломж гаргаж байгаа ч төгсгөл хийх довтлогч алга. Австралийг заавал хожих хүндхэн л даалгавартай боллоо, даничууд.
АРГЕНТИН -МЕКСИК 2:0
Хожигдвол гэртээ харих хүндхэн нөхцөлд Аргентин ус, агаар шиг ялалт байгуулж чадлаа. Месси ДАШТ-ий найм дахь гоолоо оруулж, домогт Марадонатай зэрэгцлээ. Аргентинаас ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч нь "Бати-гоол" хэмээх алдарт Габриэль Батистута. Тэрбээр 1994,1998,2002 оны ДАШТ-д нийтдээ 10 гоол оруулснаараа " альбиселесте"-г тэргүүлдэг юм. Сүүлчийн тойрогт Аргентин Польшийг заавал хожих даалгавартай хэвээр. Харин ацтекүүд Саудын Арабыг хожоод Польшид хувь заяагаа даатгах зам байна.
Сэтгэгдэл ( 0 )