Катарт хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш долоо хоног өнгөрлөө. Бразилын баг Сербийг ялсан ч багийн лидер Неймар гэмтсэн нь маш муу мэдээ байлаа. Одоо Бразилд Неймарын гэмтэл, Ришарлисоны үнэхээр гоёмсог гоол гэсэн хоёр сэдвээр л ярилцаж байна. Бразил орон тэр чигээрээ Неймарыг дараагийн тоглолтод оролцоно гэсэн итгэл найдвараар амьдарч байна.
Сербитэй хийсэн тоглолтын 80 дахь минутад Неймарыг сэлгээнд суулгасан. Тэрээр доголон, сэлгээний сандалд суухдаа уйлж байсан билээ. Мэдээж гэмтэл нь хэр аюултай болохыг өөрөө мэдэж байгаа.
Яг ямар гэмтэл авсныг тодорхой зарлаагүй ч шагайндаа гэмтжээ. Хөл нь хавдаж, хэзээ талбайд дахин гарах нь тодорхой бус. Дасгалжуулагч Тите “Хэчнээн гэмтсэн ч гэсэн тэр хоёр гоолд оролцсон. Энэ ДАШТ-д дахин тоглоно гэдэгт би итгэлтэй байна” гэж тун өөдрөг мэдэгдэл хийсэн.
Тоглолтын 80 минутын дотор Сербийн тоглогчид Неймарыг 9 удаа алдаа гаргаж зогсоосон. 2018 оны ДАШТ дээр таван тоглолтод өрсөлдөгчид нь түүний эсрэг 26 дүрэм зөрчсөн үйлдэл хийж байв.
Харин Германы хөлбөмбөгийн домог Лотар Маттеус Неймарыг газар дор ортол нь шүүмжиллээ. Ид тоглож байхдаа хамгийн хатуу ширүүн хамгаалагчийн нэг байсан Маттеус “Неймар гэмтсэн нь тун харамсалтай. Гэхдээ тэр байнга газар өнхөрч унадаг нь надад таалагддаггүй. Ингэх шаардлага огт байхгүй. Неймар тоглолтдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэт жүжиглээд байвал тэр багтаа саад болно. Тэр агуу тоглогч ч шоу үзүүлдэг нь надад таалагдахгүй байна. Тэр хөлбөмбөгийн авьяастай болохоос жүжигчин хүн биш. Үнэнийг хэлэхэд түүний унасан талаар дахин унших дур ч хүрэхгүй байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хөлбөмбөг тэр чигээрээ жүжиглэлт ш дээ тал бүрээс нь камер харуулж байгааг эрх биш мэддэггүй л юм байхдаа тоглолтондоо улайраад тэгдэг л байх даа чааваас дэлхий дахинд гарж байгаа ш дээ за энэ ч яахах үндсэн ажлдаа орно байгаа тэр дэлхийн хөлбөмбөг яахав ажил төрөл хэцүүдлээ юун ч хөлбөмбөг үзэх завтай улсууд вэ эх орны бүтээн байгуул тандаа анхаарцгаа
Хөл бөмбөгийг тоглоом цэнгэл сэтгэл хөдлөл жаргал гэж ойлгодоггүй алаан хядаан, гоол статистик гэж ойлгодог Лотар Маттеус шиг хүмүүс цөөнгүй байдаг. Тийм хөл бөмбөгчид ч олон байдаг даа. Тэд уран гоё техник, хүнлэг ёс, хүндлэл гэдгийг огт мэдэхгүй хожихын төлөө гоол хийхийн төлөө яахаас ч буцахгүй хүмүүс