Катар-2022: Өнөөдрийн тоглолтуудын хуваарь

2022 оны 11 сарын 28

Өнөөдөр ДАШТ-ий хоёрдугаар тойргийн сүүлийн дөрвөн тоглолт явагдана.

11 сарын 28, 18:00, групп G: Камерун – Серби

Эхний тоглолтдоо ялагдсан хоёр багийн тулаан. Хэн хожигдсон нь дараагийн шатанд шалгарах боломжгүй болох тул хурц ширүүн өрсөлдөх нь гарцаагүй. Камеруны баг Швейцарт 0:1 ялагдсан бол сербүүд Бразилын эсрэг тун бохир тоглож, Неймарыг нь гэмтээсэн билээ. Хэн хэнд нь оноо маш хэрэгтэй.

11 сарын 28, 21:00, групп H: БНСУ – Гана

Өмнөд Солонгосын лидер Сонд нэгэн сайн мэдээ байгаа нь түүний довтолгооны анд, Английн Вулверхэмптон багийн Хван Хи Чхан гэмтлээс эргэн ирж байгаа. Ганагийн баг Португалтай тоглохдоо хамгаалалтаа орхиод хэт дайрах гэж оролдож байсан. Энэ нь солонгос хурдан довтлогчдод боломж олгож магадгүй.

11 сарын 28, 24:00, групп G: Бразил – Швейцар

Багийн лидер Неймар хэсгийн тоглолтод тоглож чадахгүй болсон. Гэхдээ Бразилын шигшээ энэ он гарснаас хойш найм тоглоход Ришарлисон арван гоол оруулаад байгаа тул Швейцартай тоглоход Неймарыг бүрэн нөхөж чадна.

11 сарын 28, 03:00, групп H: Португал – Уругвай

Криштиану Роналду Португалын шигшээд 192 тоглохдоо 118 гоол хийсэн ч нэг ч удаа Уругвайн хаалгыг мялааж байгаагүй. Уругвайн багаас Рональд Араухо, Португалаас  Нуну Мендеш, Данило гэмтсэн байгаа. 2018 онд таарч тоглоход Уругвай 2:1 ялсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top