Монголын үндэсний музей Монголд анх удаа виртуал орчинд музейн танхим нээлээ

2022 оны 11 сарын 28

Соёлын яам, Монголын Үндэсний музей, Guyhuk Метаверс хамтран Монголд анх удаа виртуал орчинд Монгол Улсын түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимыг нээлээ.

Мөн “Музейд цахим технологи, инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлгийн модератораар Монгол Үндэсний музейн хүний нөөцийн мэргэжилтэн, арга зүйч М.Мөнгөнцэцэг, панеластаар МУИС-ийн багш, профессор А.Энхбаяр, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Октоган НФТ” ХХК-ийн захирал Н.Батбаяр оролцсон юм.

“Бидний бахархал-Монгол Улс /1921-2021/” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн цуглуулгын багагүй хэсгийг эзлэх ХХ зууны түүхийн цуглуулгыг виртуал орчинд бодит мэт бүтээж, үзэгч түмэнд толилуулж байна.

Энэ онд Монголын Үндэсний музейгээс 1921-2021 оны үед холбогдох 280 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дээжлэн “МОНГОЛ УЛС 1921-2021 он” шилдэг үзмэрийн дээжис цомгийг эрхлэн хэвлүүлсэн билээ. Энэхүү цомгийн үзэл баримтлалын дагуу 100 жилийн түүхэнд холбогдох Монголын Үндэсний музейн сор болсон 16 үзмэрийг виртуал үзэсгэлэнд толилуулж байна.

Тухайлбал 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялахад гол хүчин болсон МАН-ын тамга, 1924 онд батлагдсан анхны Үндсэн хууль, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн мөнгөн тамга, БНМАУ-ын анхны гавьяа шагнал болох одон, 1944 оны Маршал Х.Чойбалсангийн Маршалын од, ёслолын дүрэмт хувцас, сэлэм, Монгол Улсын эдийн засгийн суурь болох мал аж ахуйн салбарыг төлөөлөх Улсын алдарт сайн малчдад олгож байсан шагнал, Эрүүл мэнд хүн амын өсөлтийг илэрхийлэх 2 сая дахь иргэний тэмдэг, 1981 онд сансарт ниссэн сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансрын бүхээгийн тусгай өмсгөл, өнөөдрийн Монгол Улсын хил хязгаар хийгээд ХХ зуунд дэлхийд тамгалагдсан Монгол Улсын хилийн захын дөрвөн цэгт орших Соёмбот хөшөөний эх загвар зэргийг үзэгч та бүхэн монгол, англи, худам монгол бичгийн тайлбартайгаар “Guyuk Metaverse”-ийн “Өв соёлын өргөө”-нд зочилж үзэж, сонирхоорой!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guyuk gj zuv bicheec(192.82.73.216) 2022 оны 11 сарын 28

Guyuk

1  |  0
Top