Катар-2022: Неймар маш хурдан эдгэрч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн тойрог эхэллээ. Дэлхийн аварга болох магадлал хамгийн өндөр шигшээ багаар нэрлэгдэж байгаа Бразилын шигшээ тэмцээнээ тун сайн эхлүүлсэн. Эхний тойрогт Сербийг 2:0, дараагийн тойрогт Швейцарыг 1:0 ялсан. Бүх юм төлөвлөгөө ёсоор сайхан болж байгаа мэт боловч бараан мэдээ Бразил орныг бүрхсэн нь багийн удирдагч, шилдэг тоглогч Неймар хүнд гэмтсэн явдал байлаа. Сербитэй хийсэн эхний тоглолтын 80 дахь минутад Неймарыг дасгалжуулагч сэлгээнд суулгасан. Тэр үед хөгжөөн дэмжигчид шүтээнээ доголж байхыг харсан ч хүнд гэмтсэнийг нь огт таамаглаагүй билээ.

Тоглолтын дараах шинжилгээгээр Неймарын хөл хавдаж, баруун шагайны шөрмөс гэмтсэн. Магадгүй, тасарсан ч байж болох дүн гарсан. Үнэхээр Сербийн хамгаалагч нар бүтэн наян минутын турш ганц түүнийг л ангуучилж, есөн удаа дүрэм зөрчин, унагаасан. Хориод удаа их бага хэмжээгээр өшиглөсөн тооцоо гарчээ. Харгис ширүүн тоглосон сербүүдийн талаар бразилчууд Олон улсын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлд гомдол гаргажээ.    

Бразилын Globo-д бичсэнээр Неймар хэсгийн тоглолтод дахин оролцохгүй болсон. Хэрэв шигшээ баг нь хэсгээсээ шалгарах болзлоо биелүүлээгүй байсан бол тэрээр хүчээр ч хамаагүй гурав дахь тоглолтод гарах байсан. Харин азаар Швейцарыг  ялснаар Неймар тайван амгалан эмчлүүлэх боломжтой болсон гэж дурджээ.

Ингэхэд Неймар одоо хаана байна? Эмчилгээ хэр явагдаж байна гэсэн асуултууд бразил фэнүүдийн санааг зовоож байна.  

Неймар сүүлийн тоглолтыг нөхөөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа зочид буудлын өрөөндөө үзсэн. Тусгай гутал өмсөн хэвтэж байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд гарсан. Гэрийн шахуу нөхцөлд хийж байгаа эмчилгээ бөгөөд тусгай гутлаараа хөлөө хөргөж, хавдрыг нь буулгаж байгаа гэнэ. Хөргөлтөөс гадна ийм гутал цусны эргэлтийг сайжруулж, илээчийн үүрэг гүйцэтгэдэг. Ер нь жирийн иргэд ч хэрэглэдэг арга.

Эмчилгээ амжилттай сайн явагдаж байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Өвчин намдаагч  хийчихвэл жирийн алхахаас гадна маргааш ч талбайд гарах боломжтой.

Багийн хамгаалагч Маркиньос хэвлэлийн бага хурал дээр “Тэмцээндээ тоглохоор буудлаас гарч явахад Неймар биднийг тун гунигтай үдсэн. Талбайд гарч, багтаа тус хүргэхийг хүсдэг түүний хувьд гэмтэлтэй болохоор аргагүй шүү дээ. Тэр бүтэн өдөр эмч нартай хамтран ажиллаж байгаа нь эргэн ирэх чин хүслийг нь илтгэж байна. Хэзээ эргэн ирэхийг нь мэдэхгүй ч хурдан ирээсэй гэж бүгд хүсэж байгаа. Бид түүнийг сэтгэл санаагаар өөдрөг байлгахаар хичээж байна” гэж ярьсан юм.

Ахлах дасгалжуулагч Тите ч мөн багийнхаа гол одыг эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тодорхой хугацаа дурдаагүй ч “Би Неймарыг энэ тэмцээнд дахин тоглоно гэдэгт итгэлтэй байна. Би анагаах ухаан, эмнэлгийн өмнөөс үг хэлэх эрхгүй ч надад Неймар талбайд гарна гэдгийг баталсан эмнэлгийн дүгнэлт байна” гэж хэлсэн юм. Багийн шилдэг тоглогчоо гэмтсэний бурууг тэр өөртөө авсан.

“Неймар бүтэн 11 минут хүнд гэмтэлтэй тоглож байхыг би анзаараагүй. Энэ бол миний алдаа байлаа. Сербийн хамгаалагч нар түүнийг онилж байгааг би мэдэж байсан ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь миний алдаа” гэж буруугаа хүлээж байв.

Тоглолтын дараа дэлхийн спортын бараг бүх хэвлэл Неймарыг ээлжит жүжгээ тоглолоо, баашиллаа гэж шүүмжилж байхад төрөлх эх орон Бразилынх нь сонин, хэвлэл өмөөрөөгүй. Дасгалжуулагч, хөл бөмбөгийн холбоо нь эсэргүүцэл илэрхийлээгүй нь хачирхалтай.

Неймар гэмтсэнийхээ дараа “Энэ өдөр миний амьдрал дахь хамгийн хүнд үеийн нэг байлаа. Би дахиад л дэлхийн аваргын тэмцээн дээр гэмтлээ. Би хүнд гэмтсэн. Уур хүрж байна, их ч өвдөж байна. Гэхдээ би баг хамт олон, анд найзууд, эх орондоо туслахын тулд хурдан эдгэрэх болно” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа.

Хэрэв Бразилын баг хэсгээ тэргүүлж чадвал бид Неймарыг ирэх 12 дугаар сарын 5-нд хасагдах шатны эхний тоглолтод харах боломжтой. Хэрэв тэр эргэн ирвэл Бразилын багийн дэлхийн аварга болох боломж эрс нэмэгдэх юм. Хэврэг, эмзэгхэн ч уран сайхан тоглолт, авьяас чадвартай Неймар Катарын зүлэг ногоон талбайд дутагдаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.74) 2024 оны 06 сарын 12

Жүжигчин❗

0  |  1
зочин(202.126.90.40) 2024 оны 06 сарын 12

бас л алдартай жүжигчин шүү дэ.

1  |  1
ivan(195.83.211.139) 2024 оны 06 сарын 12

серб бол тэнэг иваны төрсөн ах\n

1  |  1
Зочин(192.82.83.115) 2024 оны 06 сарын 12

Ер нь л худлаа талдаа гэмтдэг, янгууч гар даа, санаа нь бол 1/4 хуртэл хэвтчихээд гарч ирээд маналзуулах, санаснаар нь бололх нь угуй юу, кк

1  |  3
Top