Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд явагдаж эхэллээ.
ХОЛЛАНД-КАТАР 2:0
Үр дүн нь бол бараг ойлгомжтой байсан л даа. Холландчууд хэдийгээр тийм ч сайн тоглолтгүй байгаа ч Катартайгаа гэдгээ харууллаа. Талбайн эзэд ДАШТ-ий сүүлчийн тоглолтоо амжилттай хийх, үгүй ядахдаа гоол хийхийг эрмэлзэн, ихэд хичээн тоглосон ч зорьсондоо хүрч чадсангүй. Голландын залуу тоглогч Коди Гапко гурван тоглолт дараалан гоол орууллаа. Өмнө нь "Улбар шаруудаас" Йохан Неескенс, Деннис Бергкамп, Уисли Снайдер нар ДАШТ-ий гурван тоглолт дараалан гоол хийж байжээ.
СЕНЕГАЛ-ЭКВАДОР 2:1
Эн тэнцүүхэн хоёр багийн хасагдах шатанд шалгарах боломж 49:51 байсан гэхэд болно. Яагаад 50:50 биш гэж?
Эквадорт уг нь тэнцээ л хангалттай байсан болохоор тэр.
Харин Африкийн багт зөвхөн хожил л хэрэгтэй байсан билээ. Шаргуу дайчин тоглож, нягт хамгаалсаар зорьсондоо хүрлээ, Тэд.
2002 онд Сенегалчууд дэлхийн аварга Францыг хожин, хасагдах шатанд шалгарч байсан билээ. Тэгвэл 20 жилийн дараа дахин хасагдах шатанд тоглох боллоо. 20 жилийн өмнө Сенегалын шигшээд тоглож явсан Алиоу Сиссе энэ удаа дасгалжуулагчийн хувиар амжилтаа давтлаа.
АНГЛИ-УЭЛЬС 3:0
Уэльсийн багт өөрчлөлт , шинэчлэл хийх цаг нь болжээ. Бэйл урьдных шигээ ганцаараа тоглолтын хувь заяаг эргүүлдэгээ больж, Рэмси хоёр хүний үүрэг гүйцэтгэж чадахаа байжээ.
Харин Англи энэ удаа бас л давгүй тоглолт үзүүлж, Рэшфорд(2 гоол), Фоден нарын гооллоор хасагдах шатанд тоглох эрхэн тамгаллаа.
АНУ-ИРАН 1:0
Энэ өдрийн хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглолт АНУ-ын лидер Кристиан Пулисичийн хийсэн гоолоор өндөрлөв. Тоглолтын дараа Пулисич эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр гоол хийх үедээ Ираны хаалгачтай мөргөлдсөн юм.
Эхний хагаст Америкийн залуус хурдаар ааглаж, идэвхтэй довтолж байсан бол хоёрдугаар хагаст хамгаалалтад бүрэн шилжлээ. 2018 оны ДАШТ -ийг өнжсөн Америкийн баг 2010,2014 ,2022 оны ДАШТ-д хасагдах шатанд шалгарч байна.
Шилдэг 16 багийн хасагдах шатны 8 хосын эхний оноолтод:
ХОЛЛАНД-АНУ
АНГЛИ-СЕНЕГАЛ учраа таарлаа.
Сэтгэгдэл ( 0 )