Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Японы багт хожигдон, хэсгээсээ хоёроор плей-оффт шалгарсан Испанийн багийн дасгалжуулагч Луис Энрике "Хэсэгтээ тэргүүлэхийг хүсэж байсан тул би ууртай байна. Энэ бидэнд том сургамж боллоо" хэмээн тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Тэрээр "Бид таван минут л хяналтаа алдаж, сандралдаж эхэлсэн. Япончууд дахиад хоёр гоол хэрэгтэй байсан бол хийх л байсан байх. Гэвч тэд хүссэн үр дүндээ хүрсэн тул хамгаалж эхэлсэн. Бид тоглолтыг эргүүлэх гэж оролдсон ч чадаагүй. Япон зүй ёсоор нэгдүгээр байр эзэлсэн" гэжээ.
Зориудаар хоёроор гарч Бразил, Аргентин зэрэг багаас "зугтаасан" байж болох талаар Луис Энрике "Тэгж бодож болно, тэгэхдээ хэзээ ч тийм эрсдэлтэй зүйл хийхгүй шүү дээ. Хэрэв та өөрийнхөө багийг сайн баг гэж үзэж, финалд хүрэхийг зорьж байгаа бол хэсэгтээ хоёрдугаарт орох нь утгагүй юм. Бид нэгдүгээрт байхыг хүссэн. Хэрэв шөвгийн наймд Бразилтай тоглох ёстой бол гайхалтай, бид тоглох л болно. Гэхдээ бид алаагүй баавгайн арьсыг хуваалцахгүй” хэмээн өгүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )