Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.
Өнөөдөр "Катар -2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт эхэлнэ. Хасагдах шатанд Европоос найм, Азиас гурав, Африк, Өмнөд Америкаас тус бүр хоёр, Хойд Америкаас нэг төлөөлөл өрсөлдөнө.
ХОЛЛАНД-АНУ
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хоорондоо анх удаагаа учраа таарч байна. "Катар-2022" ДАШТ-д хожигдоогүй байгаа таван багийн хоёр нь ийн (энэ хоёр багаас гадна Англи, Хорват, Марокко хожигдоогүй байгаа) халз үзээд хожигдсон нь анхны ялагдалтайгаа цуг нутаг буцна.
Мэдээж фаворит нь Холланд. Үүх түүх, амжилт, класс , ур чадвар, туршлага аль алинаар нь илүү.
Холландын өнөөдрийн баг урьд өмнөх дэлхийн аваргад орж байсан бүрэлдэхүүнээс хамаагүй сул боловч хагас шигшээ хүртэл явах бүрэн боломжтой.
АНУ-ын шигшээ ДАШТ-д оролцож буй хамгийн залуу багийн нэг. Туршлага багатай ч , залуус хурд, энергитэй. Хасагдах шатанд туршлага, тоглолтын явцад дасгалжуулагчийн хийх тактикийн өөрчлөлт эцсийн үр дүнд нөлөөтэй.
Тэгэхээр энэ удаа "Улбар шар"-ууд 2:0-ээр хожино гэж таамаглая.
АРГЕНТИН -АВСТРАЛИ
Гараагаа тааруухан эхэлсэн ч Аргентин хоёр тоглолт дараалан хожиж, хэсгээ тэргүүлэн, өөрсөддөө итгэх итгэлээ олоод авсан. Дээр нь Месси байгаа болохоор том давуу тал нь.
Австрали Гус Хиддинкийн үед 2006 онд плей-оффт тоглож байсан.
Орой энэ хоёр багийн тоглолт болох "Ахмад бин Али" цэнгэлдэх австраличуудад ээлтэй. Яг энэ цэнгэлдэхэд тэд Өмнөд Америкийн Перуг тив хоорондын нэмэлт эрхийн төлөө " пенальти"-аар буулган авч Катарыг зорих эрхээ авч байсан юм.
Австрали мэдээж Аргентиний эсрэг хамгаалалтаас сөрөг довтолгоо гэсэн тактикаар тоглох байх. Тоглолт үндсэн цагт тэнцээд нэмэлт цагт Аргентин хожих (2:1) болов уу?
Тэмцээний эргэн тойронд
Бразилийн Неймарын шагайны гэмтэл хараахан зүгээр болоогүй байгаа гэнэ. Хасагдах шатны эхний тоглолтыг мөн өнжиж магадгүй, сайндаа л гэхэд сэлгээний бүрэлдэхүүнд орж магадгүй, харин баг нь хожвол 1/4 дээр талбайд гарах боломжтой хэмээн багийн эмч нар үзэж байгаа ажээ
********
Криштиану Роналду дахиад л хэд хэдэн рекордын эзэн болжээ. Тэрбээр ДАШТ-д өрсөлдөгчийнхөө хаалга руу 100 удаа цохилт хийсэн анхны тоглогч болжээ. 1966 оноос хойш ийм статистик гаргадаг болсон цагаас хойш.
Мөн мань эр ДАШТ болон Европын АШТ тус бүрт 20 болон түүнээс дээш тоглолт хийсэн анхны тоглогч болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )