Энэ өдрийн хамгийн гэгээлэг гэрэл зураг, эцэг хүү Блинд

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийн манлай дэлхийн аваргын тэмцээн Катарт үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр хасагдах шатны эхний тоглолт болж, Нидерландын баг АНУ-ыг 3:1 ялж, дараагийн шатанд шалгарлаа.

Нидерландын багийн Дэйли Блинд гоол оруулаад багийнхаа сэлгээний суудал руу гүйн очсон. Энд түүнийг хүлээж байсан хүн бол аав Данни Блинд нь байлаа. Данни Нидерландын шигшээгийн туслах дасгалжуулагч бөгөөд аав хүү хоёр баяраа хамтдаа хэрхэн тэмдэглэж байгааг дэлхий дахин харсан юм. Энэ бол ДАШТ-ий хамгийн гэгээлэг, сэтгэл дулаацуулсан мөч байлаа.

Аав хүү хоёр өмнө нь ч хамт ажиллаж байсан. Данни Блинд 2009-2011 онд Аякс баг, шигшээ багт 2012-2015 онд (хүү нь 2013 онд шигшээд орсон), 2015-2017 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд тэр үед хүү нь багийн үндсэн тоглогч байлаа.

Аав Данниг шигшээ багаас халахад Дейли “Аавтайгаа дээд түвшинд хамтран ажиллах нь миний мөрөөдөл байлаа. Энэ мөрөөдөл минь биелсэн. Та хэзээ  ч хариуцлагаас зугтаж байгаагүй, бууж өгч байгаагүй. Танаар бахархдаг шүү” гэж олон нийтийн сүлжээнд бичиж байсан юм.

Тэр хоёр үргэлж хамт байсан. Аав нь хүүгээ чухал тоглолтод талбайд хөтлөн гардаг байлаа.

Данни Блинд бол шигшээ багт тоглож байсан, “Аякс”-т 10 жил тоглохдоо олон удаа улсын аварга болж байсан хүн. Хүүгээ тэмцээн уралдаанд байнга дагуулж явдаг, талбай дээр аваад гардаг байлаа. Тиймээс хүүгээ мэдээж “Аякс”-т оруулсан.

Дэйли Блинд “Миний аав, миний хамгийн сайн найз. Тэр намайг өөрийн бэлгэ тэмдэг болгон, хамгийн чухал тоглолтод авч явдаг байсан. Намайг бага байхад аав тоглоом огт авч өгч байгаагүй, дандаа л хөлбөмбөгийн эд зүйлс бэлэглэдэг байсан. Миний төлөө хийсэн бүхэнд нь би түүнд хайртай. Аав байгаагүй бол би энэ зэрэгт хүрэхгүй байсан. Хөлбөмбөг төдийгүй амьдралын бүхий л зүйлд ааваасаа л суралцаж байна” гэж ярьжээ.

Аав хүү хоёр хамтдаа дэлхийн аварга болохоор хамтдаа ийнхүү зүтгэсээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.126) 2022 оны 12 сарын 04

Сайхаан хө

0  |  0
Top