Өнөөдөр Ням гарагт ДАШТ-ий 1/8 финалын хоёр тоглолттой. Эхлээд дэлхийн аварга Франц Польштой тоглох бол дараа нь Европын дэд аварга Английн баг Африк тивийн аварга Сенегалтай өрсөлдөх юм.
23:00. Франц – Польш
Доха. Стадион “Aль Тумама”.
Багууд албан ёсны тоглолтод учраа тааралгүй тун удсан. Хамгийн сүүлд 1995 онд “Евро-1996” тэмцээний урьдчилсан шатанд тоглож байжээ. ДАШТ-д хамгийн сүүлд 1982 онд хүрэл медалийн төлөөх тоглолтод үзэлцэн, польшууд нь 3:2 ялсан түүхтэй.
“Катар-2022” тэмцээний хамгийн уйтгартай, хаалттай тоглолттой багаар нэрлэгдээд байгаа Польшийн багийг зарим шинжээч хэсгээс гарах ёсгүй байсан гэж хүртэл хэлсэн байгаа. Гэхдээ тэд хэсгээсээ гарсан нь үнэн, үр дүн үлдээж байгаа нь ч үнэн тул дасгалжуулагч Чеслав Михневич тактикаа зөв сонгож байгааг илэрхийлж байна гэхээс өөр юу хэлэх билээ. Левандовски хоёрдугаар тойрогт анх удаа ДАШТ-д гоол оруулж, дарамт шахалтаас гарсан. Цаашдаа гоолын машин болон хувирах магадлал өндөр. Одоогийн байдлаар польшуудын ялалтад сайн хаалгач илүү нөлөөлсөн гэдгийг дурдахгүй байж болохгүй.
Харин Францын шигшээ хоёр тойргийн дараа хэсгээс гарах эрхээ халааслаад сүүлийн тойрогт Тунист ялагдсан ч нэгээр гарсан. Гриззманы тооцоогүй гоолын талаар тэд одоо ч заргалдсаар байгаа. Карим Бензема бараг эдгэрсэн ч тэрээр энэ ДАШТ-д тоглохгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ Дидье Дешамд Оливье Жиру, Килиан Мбаппе нар байхад юунаас зовох билээ. Мбаппе бага зэрэг бэртэлтэй гэсэн мэдээ гарсан ч одоо энэ тэмцээнд гэмтэлгүй хүн бараг үлдээгүй байгаа биз ээ.
03:00. Англи - Сенегал.
Эль-Хаур. Стадион “Эль-Байт”.
Энэ плей-офф бол Сенегалын шигшээ багийн түүхэнд хоёр дахь плей-офф юм. Өмнөх хасагдах шатны хоёр тоглолт хоёулаа нэмэлт цагаар өндөрлөж байсан түүхтэй. 20 жилийн өмнө сенегалчууд 104 дэх минутад оруулсан гоолоороо Шведийг буулган аваад дараа нь Туркт 94 дэх минутын гоолоор ялагдаж байв. Ахлах дасгалжуулагч Алиу Сиссе аль алинд нь тоглогчийн хувиар оролцож байсан. Сенегал Нидерландад ялагдаж дэлхийн аваргын тэмцээнээ эхлүүлсэн ч дараалан ялж чадсан. Харин Английн баг хэсгээ итгэл төгс толгойлсон. Ираны хаалганд 6, Уэльсийн хаалганд 3 бөмбөг оруулсан амжилттай. Уэльст хийсэн сүүлийн гоол нь тэдний ДАШТ-д хийсэн 100 дахь гоол нь байлаа. Өнөөдөр тэд 101 дэхээ оруулах муугүй боломжтой байгаа. Багийн ахлагч Харри Кейн хэсгийн тоглолтод оновчтой дамжуулалт өгөөд байсан бол хасагдах шатанд гоолоо хийж эхлэхийг нь фэнүүд хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )