Катар-2022: Бразил, Аргентинтай шөвгийн наймын тоглолт эхэллээ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)

"Хаврын 17 учрал" лугаа 17 хоногийн турш дуулиан, шуугиан дүүрэн, сонирхолтой, эгзэгтэй тоглолтоор дүүрэн өнгөрсөн "Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоног "алжаалаа" түр тайлаад, өнөөдрөөс (12.09) "ажилдаа орох" гэж байна.

Шилдэг найман багийн шижигнэсэн тулаанууд өнөөдөр, маргааш явагдана.
 


БРАЗИЛ - ХОРВАТ

Дэлхийн аваргын ногоон "дэвжээнээ" энэ хоёр баг өмнө нь хоёр удаа хоорондоо учраа таарахад Бразилчууд хоёуланд нь ( 2006 он. 1:0, 2014 он. 3:1) хожиж байв.

Бразилын од Неймар БНСУ-тай хийсэн тоглолтод дахин талбайд гарч, багийнхаа гялалзсан тоглолтод чухал өнгө нэмсэн. Өөрөө ч "пенальти"-гаас гоол оруулсан. Неймар хамгаалагчдыг өөртөө татан сандаргаж, бусад  тоглогчдод "зай гаргаж" өгч тоглодог нь хамгийн аюултай билээ. Мөн Бразилын хаалгач, төвийн хамгаалагчид супер, жигдхэн сэлгээтэй довтлогчид гээд бүгд байна.

Хорватын шигшээ 2018 оны "мөнгөн бүрэлдэхүүн"-ээс Модрич, Перисич, Ловрен, Ковачич тэргүүтэй хэдхэн тоглогч байгаа. Гэхдээ тэд багтаа гол үүрэг гүйцэтгэсээр л байна. Өмнөх тоглолтод Японы эсрэг 120 минут хамаг хүчээ зориулсан тэд хэр сэргэлт авснаас  тоглолтын хувь заяа нэлээд хамаарна. Мөн Хорватад сайн довтлогч үгүйлэгдэж байгаа.

 Энэ бүгдээс шалтгаалаад Бразил 2-3 гоолын зөрүүгээр хожих байх гэж таамаглая.
 


ХОЛЛАНД - АРГЕНТИН

Хашир Луи ван Галь дасгалжуулагч 3-5-2 схемээр Холландын шигшээг  тоглуулж буй. Энэ системээр ван Галь 2014 онд "улбар шарыг" хагас шигшээд хүргэж , хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил бас найман жилийнхтэй адилхан амжилт гаргахыг үгүйсгэхгүй.

Аргентиныг хожсон тохиолдолд Холландчууд дөрвөн тивийн аварга багийг  хожсон өвөрмөц амжилт тогтооно. Одоогоор тэд Азийн аварга Катар, Африкийн аварга Сенегал, Хойд Америкийн аварга АНУ-ын багийг хожоод байгаа бөгөөд өнөөдөр Өмнөд Америкийн аварга багтай тулна.

Аргентины хувьд 4-3-3 схемээр довтолгоо голлосон тоглолт хийх байх. Гэхдээ тэдний довтолгоо тийм ч төгс биш. Мессигийн хувийн ур чадварт найдаж байгаа байх. Гэхдээ тоглолт болгонд гялалздаг од гэж хэзээ ч байхгүй.

Холландын хамгаалалт Аргентины ар талаас илүү найдвартай.

Хэдийгээр тун тэнцүүхэн тоглолт болох нь тодорхой ч энэ удаад "Нисдэг Холландууд" Месси болон түүний нөхдийг нутаг буцаах биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top