Бразил самба өндөрлөж, Аргентин танго үргэлжилсээр

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 10

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.

Өчигдөр явагдсан шөвгийн найман багийн эхний хоёр тоглолт хөлбөмбөг сонирхогчдын зүрхийг дэлсүүлж, сэтгэлийг нь хөвсөлзүүлсэн, хөлбөмбөг бол хэзээ ч хаашаагаа ч эргэж мэдэх "бөөрөнхий" бөмбөгөөр нааддагыг олон хүнд таниулсан тоглолтууд боллоо.

БРАЗИЛ-ХОРВАТ 1:1 (торгуулийнцохилтоор 2:4 )

Ерөнхийдөө тодорхой ганц нэг тохиолдлоос бусдаар бол нэг хэвийн, уйтгартай тоглолт гэхэд болно. Хоёр баг аль аль нь гоол оруулахаас илүүтэй хаалгандаа бөмбөг алдахгүй тактиктай гарсан гэмээр.

Хорватын хувьд бол Бразилийн эсрэг хамгаалж тоглох нь тодорхой, яаж ийгээд тэнцээд, 11 цохиод хаалгачдаа найдаад дуусая гэсэн бололтой.

Харин Бразилчууд яагаад тийм идэвхгүй, зориггүй тоглосон нь гайхалтай. Винисиус Жуниор, Рафинья, Ришарлисон гээд гурван залуу довтлогч муу, бүүр маш муу тоглосон. Аварга болох баг ингэж тоглож болохгүй л дээ гэсэн бодол төрж байлаа.

Хорватаас Модрич бол мотор гэдгээ харууллаа. Үндсэн цагт 0:0 -ээр тэнцсэн тул нэмэлт цагийн 30 мин (15х2) эхэлж, нэмэлт цагийн эхний хагасын төгсгөлд Неймар Лукас Пакетагаас  "хана" аваад хамгаалагчаас мултран, хаалгачийг хөнгөхөн аргалж, дээд буланд цохин гоё гоол орууллаа. Бразилчууд одоо ялалт манайх болсон гэж бодсон бололтой хэдийнээ тайвшраад хайнгадуухан тоглолоо. Нэмэлт цаг дуусахаас 3-хан минутын өмнө Хорватууд энэ тоглолтын цорын ганц хаалга оносон цохилтоо хийж, тэр нь Маркиньосоос хачир аваад гоол орчих нь тэр.

Ингээд хөлбөмбөгийн "бурхан тэнгэрт" хувь тавилангаа даатгах ч гэж ярьдаг, "хүндхэн сугалаа" хэмээн ч нэрлэдэг 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах мөч ирлээ. Бразил залуу Родригоор эхний цохилтоо хийлгэж, мань хүн хаалгачийн зүүн талд цохиод хаалгачихав. Дараа нь Педро, Каземиро нар цохилтоо амжилттай гүйцэтгэсэн. Хорватуудаас нэг нь ч алдсангүй. Бразилийн дөрөв дэх цохилт. Маркиньос энэ удаа хаалгачийг эсрэг тал руу үсэргэж дөнгөсөн ч өөрийнх цохисон бөмбөг хаалганы шон онолоо. Хөөрөн баярласан Хорватууд хаалгач Ливаковичоо элдэн байх зуур хүсэл, мөрөөдлөө "таслуулсан" Бразилчууд зүлэг ногоон талбай дээрээ эхэр татан өнхрөөд өгөхийг харах нь хэний ч сэтгэлийг эмзэглүүлнэ.

Гэвч спортод, хөлбөмбөгт ялах, ялагдах бол зайлшгүй, хэн нэг нь заавал үүнийг үүрдэг билээ. Чухамдаа тэр баг нь өнөөдөр Бразил боллоо доо. Тоглолтын дараа Бразилийн дасгалжуулагч Тите ажлаа өгч буйгаа зарласан. Түүнийг Неймараар эхэлж "пенальти" цохиулах байсан шүүмжлэл их байгаа. 

Хорватын хаалгач багаа үнэхээр аварлаа. Торгуулийн цохилтоос гадна тоглолт дээр.

Аз од нь бас түшлээ түшлээ. Катарт Хорватууд хагас шигшээд үлдэх хүртлээ таван тоглолт хийсэн. Үүнээс ердөө ганц тоглолтод л буюу Канадыг л (4:1) хожсон гээд л бодчих. Марокко, Бельгитэй тус бүр 0:0-ээр тэнцсэн, Япон, Бразилтай 1:1 -ээр тэнцээд торгуулийн цохилтоор ялсан.

АРГЕНТИН-ХОЛЛАНД 2:2 (торгуулийн цохилтоор  4:3)

Энэ ДАШТ-ий хамгийн "драма"-тай тоглолтын нэг боллоо. Эхний хагас цаг орчим багууд тайван алдаа гаргахгүй тоглолт хийсэн. 35 дахь минутад Месси Холландын хамгаалалтын шугаманд гарсан өчүүхэн алдааг ашиглан " зүүний сүвэгч" шиг зайгаар зэвүүн дамжуулалт Молиногийн хөлд хаяж, өнөөх нь Холландын "Өндөр Гонгор"  хаалгачийн хажуугаар зөрүүлж ганц хатгаад л Аргентинчууд 1:0-ээр хошуучилж эхэллээ.

Хоёрдугаар үеийн дунд хүртэл "Улбар шарууд" тоог тэнцүүлэх гээд жижиг дамжуулалтаар ч үзээд барсангүй, жигүүрээр довтлох гэнд ч болсонгүй.

73 дахь минутад шүүгч Аргентинд (чухамдаа Мессиг) "пенальти" цохих эрх өгөв, за бараг "шагнав". Акунья дээр Холландын хамгаалагч алдаа гаргах нь гаргасан, гэхдээ торгуулийн талбайн дотор уу, эсвэл гадна уу, эсвэл яг зураас дээр гэдэг маргаантай л үлдэх шиг болсон.

Ер нь энэ ДАШТ-д 11 метрийн торгуулийн цохилтыг шүүгч нар их л "хямдхан" өгч байгаа ялангуяа супер ододтой багуудад. Месси ч боломжийг энэ удаа алдсангүй. Хуурлаа, цохилоо, гоол.

Тоо 2:0 болж, Аргентинчүүд хошуучилж, хагас шигшээд үлдэхэд 15 минут л хоёр гоол алдчихгүй хамгаалахад болохоор байлаа.

Холландын дасгалжуулагч  эцсийн "найдвар" болсон чацархаг Вегорстийг талбайд гаргаж, Депайг суулгасан. Үнэхээр нүдээ олсон сэлгээ байв. Вегорст 83 дахь минутад хөндлөн дамжуулалтыг мөргөн гоол оруулж, тооны харьцааг багасгав.

Тоглолтын үндсэн цаг дуусч, экстра тайм буюу нэмэлт 10 минутыг шүүгч заалаа. Холландууд ч тэр, Аргенти ч тэр тоглолтын төгсгөл хэд хэдэн гоол оруулж мэдэхээр довтолгоо хийсэн ч Аргентиний хаалгач Мартинес, Холландын Нопперт багаа аварлаа.

Нэмэлт 10 минут дуусахад хэдхэн хором үлдээд байхад Холландчууд торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олж, урьдаас бэлдсэн хувилбараар тэнцээний гоолыг өнөөх Вегорст орууллаа.

Ингээд 11 метрийн торгуулийн цохилтоор хоёр дахь хагасшигшээд тоглох багийн нэр тодрох  боллоо.

Холландын багийн ахлагч Ван Дейк хамгийн эхний цохилтыг гүйцэтгээд тун итгэлгүй, хэнэггүй цохин Мартинест хаалгачихав. Дараа нь Холландын Бергейсийн цохилтыг бас хаасан, Мартинес.

Аргентинчүүд торгуулийн цохилтоор хожин ДАШТ-ий хагасшигшээд Хорваттай тоглохоор боллоо.

Холланд-Аргентиний тоглолтыг дэнсэлсэн Испанийн шүүгч Матеу Лаос 16 шар хуудас, нэг улаан хуудсаар тоглогчдыг торгосон бөгөөд энэ нь ДАШТ-ий рекорд юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top