Кейн пенальти алдаж, Франц ялсан Катарын нэг өдөр

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ шуугиан дүүрэн үргэлжилсээр байна. Өдөр бүр л ямар нэг сенсаац дэгдэж, нэг дуулианыг дараагийн дуулиан нь дарсаар. Германы ялагдлыг Испани, Испанийг Бразил, Бразилыг Португалын ялагдал дарсан билээ. Өчигдрийн Англи – Францын тоглолт энэ ДАШТ-д цөөхөн харагдсан дээд түвшний, ур чадвар өндөр багуудын тулаан байлаа. Багууд ч үнэхээр сайхан тоглолт үзүүлж, Францын баг 2:1 ялан, дараагийн шатанд шалгарлаа.

Англи – Франц 1:2 (0:1, 1:1)

Стадион Аль-Байт

Гоол: 0:1 – 17 Тчуамени, 1:1 – 54, пенальти Кейн, 1:2 – 78 Жиру.

Англи – Пикфорд, Уокер, Магуайр, Стоунз (Грилиш, 90), Шоу, Хендерсон (Маунт, 79), Райс, Беллингем, Фоден (Рэшфорд, 85), Сака (Стерлинг, 79), Кейн.

Франц – Льорис, Кунде, Варан, Упамекано, Эрнандес, Рабьо, Тчуамени, Жиру, Гризманн, Дембеле (Коман, 79), Мбаппе.

Шар хуудас: Гризманн (43), Дембеле (46), Эрнандес (82), Магуайр (90).

Тоглолтын гол үзэгдэл Английн ахлагч Харри Кейнийг тойрон өрнөсөн гэхэд болно. Францын Тчуаменигийн холын цохилтын гоолын хариуг тэр 11 метрээс бөмбөг оруулж барьсан. Жирүгийн гоолын дараа Англи 1:2 ялагдаж байх үед буюу 82 дахь минутад Францын хамгаалагч Маунтыг торгуулийн талбайдаа түлхэн унагаасан.

Ингээд Харри дахин 11 метрийн цохилт хийхээр гарч ирсэн. Түүний өмнө Тоттенхэм хотспур багийнх нь анд Льорис зогсож байлаа. Нэг нэгнээ дэндүү сайн мэдэх хоёр.

Гучхан минутын өмнө тэр Льорист 11 метрээс гоол оруулсан. Харин энэ удаад хаашаа цохихоо Кейн тун удаан эргэцүүлэн бодож, эргэлзэж байлаа.

Цохилоо, бөмбөг хаалганы дээгүүр нисэн одлоо.

Замналынх нь 11 дэх амжилтгүй пенальти.

Энэ улирал тэр гурван удаа 11 метрээс алдсан.

Энэ алдаанаас болж, англичууд гэртээ харих боллоо. Мбаппе түүнийг алдангуут ихэд баярлан инээсэн.

Английн шигшээ ахиад л пенальтигаар бүдэрлээ.

Тоглолтын дараа Английн баг ахлагчаа телевиз, зурагчдын камераас хамгаалсан.

Беллингемийн ирээдүйд хэд хэдэн ДАШТ байгаа нь дамжиггүй.

Кейнийг бүгд тайвшруулахыг хичээсэн.

Оливье Жиру энэ өдрийн баатар байлаа.

Мбаппе гоол хийгээгүй ч хүндэтгэлийн коридороор заларсан.

Льорис энэ өдрийн бас нэгэн Баатар.

Ингээд Франц Улс дэлхийн аварга цолоо хамгаалахаар шалгаран үлдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top