Месси, Модрич хоёр анх 16 жилийн өмнө учирч байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд Аргентин, Хорватын баг өрсөлдөнө. Энэ тэмцээн хоёр багийн лидер Лионель Месси, Лука Модрич нарын хувьд сүүлийнх нь ДАШТ, дэлхийн аварга болох сүүлчийн боломж нь. Дараагийн ДАШТ-д Модрич 40 настай байх бол Месси 39 хүрч байх юм.

Тэд анх зүлэг ногоон талбай дээр 16 жилийн өмнө учирч байжээ. Ирээдүйтэй шинэ од гэгдэж байсан хоёр залуу одоо багийнхаа ахлагчид нь болжээ.

2006 оны гуравдугаар сард Аргентин, Хорватын шигшээ Базельд нөхөрсөг тоглолт хийлээ. Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлийн тоглолт. Тэр өдөр Динамо Загреб багийн 20 настай авьяаслаг залуу Лука анх удаагаа гараанд гарсан. Харин 18 настай Мессигийн хувьд энэ тоглолт шигшээ багтаа хийсэн зургаа дахь тоглолт нь байлаа.

Тоглолтын гурав дахь минутад Иван Класнич гоол хийж, Хорват тэргүүлж эхэлсэн ч Месси гуравхан минутын дотор тоглолтыг эргүүлсэн. Эхлээд Тевест гоолын дамжуулалт өгч, дараа нь алсын цохилтоор тэргүүлэл авчирсан юм. Тоглолтод Хорват 3:2 ялж, Лука, Лионель хоёр бага зэрэг муудалцаад авсан. Лука Мессиг хуурах гэхэд нь татаж, дүрэм зөрчсөн. Хорват залуу гар барих гэсэн ч нөгөөх нь яваад өгсөн. Модричийг 2:2 байх үед алга ташилт дунд сэлгээнд суулгасан бол Месси бүтэн тоглосон юм.   

Лука Хорватын шигшээ багийн төлөө 160 тоглож, 23 гоол оруулсан бол Месси шигшээд 170 тоглохдоо 95 бөмбөг оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top