Өнөөдөр шөнө Катарын Лусаил дахь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эхний хагас шигшээ тоглолт болно.
Мессигээр удирдуулсан Аргентины шигшээ баг Модрич ахлагчтай Хорватын багтай 03:00 цагаас өрсөлдөх болно.
Өмнөх тоглолтдоо Бразилын багийг гэрт нь илгээсэн Хорватын шигшээ сүүлийн дэлхийн аваргын тэмцээнүүд дээр хамгийн олон тэнцээ “үйлдвэрлэж” байгаа баг. 2018 онд тэд плей-оффын гурван тоглолтоо тэнцээгээр өндөрлүүлж, Дани, ОХУ-ыг пенальтигаар, Английг нэмэлт цагт ялаад финалд шалгарсан билээ. Харин энэ жил Катарт гурван удаа 0:0 тэнцсэний хоёр нь хэсгийн шатанд Марокко, Бельгитэй хийсэн тоглолт, мөн плей-оффт Бразилтай хуурай тэнцсэн. Японы самурай нартай 1:1 тэнцээд пенальтигаар ялсан байгаа. 2018, 2022 оны Хорватын шигшээ багийн гол ялгаа нь дөрвөн жилийн өмнө тэд довтолж, нээлттэй тоглодог байсан бол одоо хамгаалахыг хичээдэг болсон. Дөрвөн нас хөгширсөн гээд бодохоор аргагүй. Хамгаалалт сайн болохоор гараад ирсэн гэж бодож байвал бас үгүй. Хаалгач Доминик Ливаковичийн гайхалтай, итгэлтэй тоглолт багаа шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ хаалгач Японы гурван пенальти, Бразилын нэг пенальтиг хаасан. Үндсэн, нэмэлт цагийг тэнцээд дуусгахад пенальтид хаалгач аварна гэж тэд бодож байж болох.
Харин эсрэгээр Аргентин цаг сунгалгүй ялахыг хичээнэ. Үүний тулд Хорватын хамгаалалтын өргөн бүсийг нэвтлэх шаардлагатай. Хүндхэн санагдаж байв ч аргентинчууд энэ тэмцээнд хамгаалж тоглодог багуудыг ялсаар гарч ирсэн. Мессигийн оновчтой дамжуулалт, бусад тоглогчдын хичээл зүтгэлээр Польш, Мексик, Австрали, Нидерландыг ялсан. Бүгдэд нь тус бүр хоёр гоол хийсэн. Олон гоол оруулж байгаа нь тэдний амжилтын гол үндэс. Хэд хэдэн хамгаалагчийг өөртөө татаад суларсан довтлогчдоо оновчтой дамжуулдаг Месси байгааг мартаж болохгүй. Мөн Нидерландтай хийсэн хатуу тулаанд баг хамт олны дотоод уур амьсгал сайжирч, нягтарсан сайн талтай.
Багууд өмнө нь таван удаа таарч тоглосон. 1994 онд 0:0 тэнцсэн. Дөрвөн жилийн дараа ДАШТ-ий хэсгийн тоглолтод таарч, Аргентин 1:0 ялж байв. 2006 онд Хорват 3:2 ялсан бол 2014 онд Аргентин 2:1 хожжээ. Харин 2018 оны ДАШТ-д тохиосон сүүлийн тоглолтод Хорватын баг 3:0 бут ниргэсэн.
Сэтгэгдэл ( 0 )