Аль Салaм Алейкум: МЕССИ ЮУ? МОДРИЧ УУ?

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)

"Катар -2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолттой өдрийн мэнд хүргэе!  Катарын цагаар өнөөдөр 22:00 цагаас (Монголын 12.14-ний 03:00 цаг) "Лусаил айконик" цэнгэлдэхийн ногоон талбайд Аргентин-Хорватын шигшээ багууд "байлдана".

АРГЕНТИН-ХОРВАТ

Хоёр баг дэлхийн аваргын зүлгэн дээр бол хоорондоо хоёр таарч байв. 1998 онд Аргентин 1:0-ээр хожиж байсан бол 2018 онд Хорват 3:0-ээр бут ниргэж байсан. Өнөөдөр нэг ёсны хайнаа хагалах тоглолт болох нь.

Сүүлийн хоёр ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн багууд (2014 онд Аргентин, 2018 онд Хорват) хоорондоо тулна.

Мэдээж маш ширүүн, хүнд тоглолт болно. Хоёр баг шөвгийн наймд хоёулаа 120 тоглож, торгуулийн цохилтоор ялалт байгуулсан. Хорват бол бүүр хоёр маш хүнд тоглолт (Японтой бас 120 минут+ торгуулийн цохилт) дараалан хийсэн. Тэгэхээр сэтгэл зүйн болон биеийн ачаалал илүү их авсан баг нь Хорват.

Мэдээж хоёр багийн ахлагчийн, Месси, Модрич хоёрын хэрхэн тоглохоос багийнх нь амжилт шууд шалтгаална.

Сонирхуулахад, Модрич Хорватын шигшээ багт хамгийн анх 2006 онд тоглохдоо Аргентины эсрэг талбайд гарч байж. Месси тэгэхэд шигшээ багтаа ердөө зургаан удаа тоглосон бас "шинэков" байсан байна. Тэр тоглолтод Месси гоол оруулсан ч Хорват 3:2-оор хожиж байж. Хоёр залуу тоглогч тоглолтын үеэр бас хоорондоо бас шөргөөцөлдөөд авч байсан аж. Мессид ч, Модричид ч дэлхийн аварга болох боломж дахиад олдохгүй нь ойлгомжтой. Сүүлчийн энэ боломжийн төлөө ёстой л чаддаг, мэддэг бүхнээ л гаргах байх .

Аргентинчууд энэ дэлхийн аваргад тоглолтоос тоглолтод чангараад, арга барилаа, итгэлээ хэдийнээ олоод авсан.  Хожигдлоо, хожлоо, хожиж яваад "баригдаж", торгуулийн цохилтоор ч яллаа. Нэг үгээр хэлбэл аль ч нөхцөл байдалд Аргентинчүүд илүү бэлэн байх болов уу. Энэ нь тэдэнд том давуу тал үүсгэж байгаа юм.

Хорватын хувьд яарахгүй, гол нь хамгаалалтдаа алдаа гаргахгүй тоглоод сөргөөр боломж хайх байх. Тэгээд болохгүй бол "дархан мэх"- торгуулийн цохилтоор даваад гарах тактиктай л үзнэ. Гэхдээ энэ удаад "дархан мэх"-нийхээ барьцыг авч чадалгүй байсаар унах байх.

Аргентин 2:1-ээр хожих таамаглал тавья.

Эцэст нь өнөөдрийн тоглолтод Месси тогловол ДАШТ-д хамгийн олон тоглолт ( 25 тоглолт) хийсэн Германы домогт Лотар Маттеусийн амжилттай эн зэрэгцэх юм.

Өнөөдрийн тоглолтыг Итали шүүгчдийн бригад удирдана. Талбайн болон хажуугийн шүүгчид, ВАР-ын гол шүүгч нь бүгд итали. Аргентин бол итали цус судсаар нь гүйсэн ард түмэн. Одоогийн багаас гэхэд л Месси, Дибала, Ди Мариа, Тальяфико, Песселье, Армани, за тэгээд дасгалжуулагч Скалони гээд бүгд итали цагаачдын удам угсаа шүү дээ. Тэгэхээр бас л нэг давуу тал болж магадгүй юм даа.

Аргентинчууд уламжлалт цагаан-цэнхэр өмсгөлтэй (талбайн эзний статустай), харин Хорватууд зочин багийн хар хөх өмсгөлтэй өнөөдөр талбайд гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top