Месси Аргентиныг чирсээр, МUCHACHOS-ийг аргентинчууд дуулсаар ФИНАЛД хүрлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ эхний тоглолт Аргентин-Хорватын хооронд боллоо.

АРГЕНТИН-ХОРВАТ 3:0

Тоглолт таамаглаж байснаар Хорватууд довтлохгүй бөмбөг эзэмшин, өрсөлдөгчийнхөө алдааг отох тактикаар эхлэв. Аргентин ч бас довтлох гэж яарсангүй, Хорватын "дархан мэх"-ийг өөрт нь хийсэн байдал хагас цаг өнгөрсний дараа л эхний хаалга чиглэсэн цохилтыг аргентинчууд хийлээ. Тоглолтын 34 дэх минутад Аргентины Хулиан Альварес ганцаараа гарч ирээд урагш гарсан Хорватын хаалгачийн хажуугаар бөмбөгийг хатгасан ч Ливаковичтой мөргөлдөн унахад талбайн шүүгч эргэлзэлгүйгээр "пенальти" заалаа.

Алдаа байсныг үгүйсгэхгүй ч 100 хувийн "11" гэж бас хэлж болмооргүй.

Месси пенальтиг өнөөх 11 м хаагаад байдаг Ливаковичийн зүүн гар талын дээд буланд солгой хөлөөрөө маш хүчтэй цохин, энэ ДАШТ-ий тав дахь гоолоо орууллаа. Ийм цохилтыг нэг Ливакович бүү хэл, хоёр хаалгач байсан ч хаахааргүй дээ.

Гоол алдаад Хорватуудын тоглолт орвонгоороо эргэв. Энэ хүртэл тэд бөмбөгийг илүү эзэмшиж, тоглолтын хэмнэлийг өөрсдөдөө тааруулж байсан билээ. Гоол алдангуут мэдээж хүссэн хүсээгүй урагшаа довтлох шаардлага гарна, энэ шилжилтийн явцад дахин алдаа гаргаж, таван минут ч өнгөрөөгүй байхад дахин, хоёр дахь гоолоо алдлаа.

Энэ удаа өнөөх пенальти авчирсан Альварес өөрийн хагаст бөмбөг аваад ганцаараа тууж явсаар хоёр ч хамгаалагчийг даван гараад (Хорватын хоёр хамгаалагч бөмбөгт хүрсэн ч хоёуланд нь ойсон бөмбөг нь Альварест эргэж очоод үнэхээр аз одтой) жинхэнэ "соло" гоол орууллаа.

Ингээд тоо нэгэнт 2:0 болсон тул хоёрдугаар хагаст Хорватын дасгалжуулагч солилцоогоор довтлогч нар оруулж  дундын "гурвалжин"-ийн хамгаалах чиглэлийн гол хүн Брозовичоо суулган риск хийгээд ч тоглолтыг эргүүлж чадсангүй ээ.  Харин нэмж нэг гоол алдсанаар бүх юм тодорхой болов. Гуравдахь гоолыг бол Месси ёстой л бүтээгээд "май хий" гэж Альварест өгсөн дөө.

11 жилийн өмнө өөрийн шүтээн Месситэй зургаа авахуулах гэж 120 гаруй километр замыг туулан зорьсондоо хүрч байсан хүү өнөөдөр шүтээнтэйгээ нэг багт тоглож явах, гэхдээ бүүр дэлхийн аваргын хагас шигшээд дамжуулалтаар нь гоол хийгээд явж байна гэдэг ёстой л "жавхлан" юм даа.

Өнөөдөр Месси нилээд хэдэн ховор амжилтын  эзэн болов. Тухайлбал;

-ДАШТ-д хийсэн тоглолтоороо Л.Маттеустай адилхан 25 тоглолт хийлээ.

-Аргентиний тоглогчдоос ДАШТ  хамгийн олон гоол (11) оруулсан тоглогч боллоо.

-ДАШТ-ий хамгийн олон гоол + дамжуулалтын эзэн ( 11 гоол+ 9 гоол) гэх мэт.

Дибала, Лаутаро Мартинес нарын ах нараа сэлгээнд суулгасан Альварес, ид шидээ үзүүлж, мөрөөдөлдөө нэг алхам ойртсон Месси нар онцгой байсан ч Аргентиний " гэр бүл" болсон баг, тэдний цуутай , дуутай хөгжөөн дэмжигчид асар их гавьяатай. Цэнгэлдэхэд бол Аргентиний балиашиг бараг 80-90 хувийг эзэлсэн байсан даа.

Тэд Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ тренд сүлд дуу болоод байгаа "Muchachos" хэмээх дууг тасралтгүй дуулж байлаа. 2021 онд Аргентинчууд Өмнөд Америкийн аварга болохдоо "Маракана"-д Бразилийг хожсоны дараа шинэ үгтэй болсон энэ дуунд:

Би Аргентинд, Диего, Лионелийн нутагт төрсөн

Бас Фолклендийн дайны цэрэг эрсийг  хэзээ ч мартахгүй

Бид хэдэн удаа финалд хожигдож

Би хичнээн удаа тэдний төлөө уйлсныг

Би тайлбарлаж чадахгүй, чи ч ойлгохгүй

Энэ бүхэн гэхдээ одоо дууссаан

"Эцэг" Мараканы финалд Бразилийг хожсон

Залуусаа! Одоо бид дахин  мөрөөдөж байна

Гуравдахь удаагаа дэлхийн аварга болохыг хүсч байна

Лионелийг хэрхэн ээж, аав шиг нь дэмждэгийг

Диего Тэнгэрээс харах болно хэмээн дуулах авай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top