Франц 50 жил колоничилсон Мароккотойгоо “тулалдана”

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14


“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд дэлхийн аварга Францын шигшээ, Африкийн аварга Мароккотой өнөөдөр шөнө өрсөлдөхөөр болоод байгаа. Энэ хоёр улс маш гүн гүнзгий харилцаатай. Бараг л Орос ах, Монгол дүү шиг харилцаатай гээд хэлчихэд зарим талаар алдах зүйлгүй. Ингээд энэ хоёр улсын “ах, дүүгийн” харилцааны талаар ярилцацгаая.

Португалын багийг ялсны дараа Францын нийслэл Парисын төв гудамжинд 20 мянган марокко  фэн цугларсан байлаа. Ихэнх нь ялалтдаа баярлан, хашгарч байсан бол зарим нь дэлгүүрийн цонх, лангууг эвдэлж, цагдаа нартай зодолдож байлаа. Цагдаагийн газрын мэдээгээр дал орчим хулигааныг баривчилсан байна. Мароккочууд Парист олон байх нь аргагүй. Францад 1.5 сая марокко гаралтай иргэн байдгаас гадна 755 мянган марокко цагаачтай. Францын бүх цагаач, дүрвэгчдийн 18 хувь нь марокко гэсэн тоо гарч байгаа юм.  

2018 оны ДАШТ-д оролцсон Мароккогийн шигшээ багт Францад төрсөн 10 тоглогч байсан бол 2022 оны дэлхийн аваргын шигшээ Францад төрсөн хоёр тоглогчтой, гэхдээ Францын багт харьяалагддаг таван хөлбөмбөгчтэй Катарт иржээ.
 


Яагаад тэд Францад ийм олон байна вэ?

Франц улс Марокког бараг 50 жил колоничилсон. Тэд Марокког эзлэх гэж маш удаан, цус урсган түрэмгийлсэн юм. Европчууд 19 дүгээр зууны сүүлээр Африк тивийг эзлэн түрэмгийлэх бодлогоо эхэлсэн. Хар тивийн байгалийн баялаг, газар нутаг тэдний шүлсийг гоожуулж байлаа. 1870 он гэхэд Европын орнууд Африкийн газар нутгийн 10 хувийг эрхшээлдээ оруулсан байсан бол 1914 онд бараг бүгдийг нь буюу 90 хувийг нь эзэлжээ. Этиоп, Либери улсууд л эрх чөлөөтэй үлдсэн байв. Европын колоничлогч гүрнүүд олзоо хуваах гэж хоорондоо өрсөлдөх, тэрсэлдэх нь хэрээс хэтэрчээ. 1884 онд Берлинд болсон хурлаар тэд Африк тивийг хуваалаа. Нийт долоон орон нөлөөний бүсээ тогтоосноос Франц улс хамгийн амжилттай нь байлаа. Тэд Алжир, Тунисыг эзэлж, Марокког ихэд сонирхож байлаа. Эхлээд францчууд Европын бусад орнуудтайгаа тохиролцлоо. Англид Египетийг, Италид Ливиг, Испанид Мароккогийн хойд хэсгийн хотуудыг өгөөд Мароккод онцгой эрхтэй болж амжив. Дараа нь Марокког санхүүгийн хавханд буюу өрөнд оруулах заль мэхээ эхлэв. Орон нутгийн Султанд их хүүтэй мөнгө зээлж, гаалийн татвар дээр ажиллан, эдийн засгийг нь сүйрүүлэв.

Марокко Францын эрхэнд улам бүр орсоор байлаа. 1905 онд францчууд ирж, банк, Боомтын цагдаагийн газар байгуулан, төмөр зам барих эрх авах санаатай байв. Тэд тооцоотой, шуурхай ажилласан нь Германд таалагдсангүй. Кайзер Вильгельм II Мароккогийн Султаныг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хамгаалалтдаа авна гэдгээ зарлалаа. Африкийг хуваах санаархлаас болж, Европын хоёр гүрэн дайтахдаа тулав. Дахиад олон улсын хурал зарлан хуралдуулж, олонхын саналаар Франц, Испани улсууд Мароккогийн боомтоос татвар авах эрхтэй ч газар нутгийг нь эзлэн авах эрхгүй болжээ. Ингээд Франц эзлэн түрэмгийлэх бодлогоо түр зуур хойш нь тавилаа.
 


Эзлэх боломж 1907 онд гарч ирсэн юм. Мароккогийн Марракешт франц доктор Эмиль Мошан алагджээ. Францын Засгийн газраас иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн халхавчаар Уджу хотод цэрэг оруулав. Хэдэн сарын дараа булаан эзлэгчдийн эсрэг тэмцсэн нутгийн иргэд төмөр зам барьж байсан есөн франц ажилчныг хөнөөлөө. Франц хариуд нь Касабланкаг бөмбөгдөж, хөлөг онгоцноос бүтэн хоёр хоног их буугаар галласнаас долоон мянган энгийн иргэн амь үрэгдсэн байна. Бослогыг дарсны дараа франц цэрэг Мароккогийн хойд хэсэгт орж ирсэн юм. Мароккогийн ихэнх хэсэг булаан эзлэгдээгүй үлдсэн ч Франц эдийн засгийн хавхаа улам чангаруулсаар байв. Шинэ Султанд дахин их хүүтэй зээл олголоо. Султан өрөө төлөхийн тулд ард түмнээ татвараар дарав. Ард түмэн уурлаж хилэгнэн, бослого гаргахыг Франц хүлээж байсан нь бүтлээ. Эмх журам тогтоож, франц иргэдээ хамгаална гэсэн халхавчтай францын цэрэг дахин хэд хэдэн хотыг эзэллээ. Герман эсэргүүцэл илэрхийлсэн ч тэдэнд Конгог өгч, хэрүүлийг намжаав.

1912 онд Франц улс Марокког эзэмшилдээ авсан юм. Тэд нутгийн зан заншлыг хөндөөгүй ч эрх чөлөөг нь боомилов. Үйлдвэрчний эвлэл байгуулахыг хориглож, араб хэл дээр гардаг сонинд улс төрийн мэдээ гаргахыг хаалаа. Мароккогийн нийгмийн дээд хэсэгт албан тушаал өгч, өөртөө татав. Хэдий хөрөнгө оруулалт хийж, хот байгуулан, уул уурхайг хөгжүүлсэн ч францчууд өгснөөсөө хавьгүй илүүг авсан. 1930 онд тэд 2 сая тонн фосфорит олборлож, Марокког Европын зах зээлийг талх тариагаар хангадаг хөдөө аж ахуйн бүс болгон хувиргахыг зорьж байв.
 


Мароккочууд тавин жил Францтай эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Зарим мужид ялгуусан ялалт ч байгуулж байсан. 1914 онд Эль-Херри тосгоны төлөөх тэмцэлд их буу, орчин үеийн винтов буутай франц цэргийг бараг нүцгэн гараар байлдсан бербер овгийнхон ялж чадсан билээ. Францын 600 цэрэг алагдсан бол нутгийн 200 иргэн амиа алдсан байдаг. 1924 онд Эр-Риф мужийнхан тусгаар тогтнож, Риф БНУ гэж байгуулсан нь таван жил тусгаар байсан юм. Харамсалтай нь францчууд танк, онгоц, хуягт ашиглан, маш харгис хэрцгийгээр бослогыг нухчин дарсан. Францын армийн тушаалд “Нутгийнхныг маш хурдан, шуурхай устга.  Хэзээ ч өршөөж болохгүй. Хот тосгон, тариан талбайг шатаа. Хатуу байхгүй бол тэд дахин дайрна” гэж бичсэн байв. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Франц улс марокко иргэдийг цэрэгт дайчилж, Германы эсрэг илгээснээс 15 мянган марокко иргэн алагдсан тоо байдаг. 1930 онд Францын засгийн газрын дарамтаар Султан хаан иргэдээ араб, бебрбер гэж хуваалаа. Тус тусдаа хууль дүрэмтэй хоёр нийгэм гаргасан нь мароккочуудыг нэгдэн тэмцэхээс сэргийлсэн арга хэмжээ байлаа.
 

Улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, нууц бүлгэмүүд бий болов. 1943 онд Тусгаар тогтнолын нам байгуулагдсаныг АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт дэмжиж байлаа. Ерөнхийлөгчийн “Дэлхийн хоёрдугаар дайны дараа Марокко тусгаар тогтнох ёстой” гэж хэлснийг тус намаас манифест болгон зарласан ч Францын Засгийн газраас бослогыг цус урсган дарж, намын удирдлагыг баривчилжээ.

Гэвч ардын хөдөлгөөнийг бүр мөсөн зогсоох арга байсангүй. Мароккочууд байлдан, тэмцсээр байлаа. Францын талд байсан султан Мухаммед V ч ард түмнийхээ талд оржээ. Францын цэргийнхэн сенегал хөлсний цэргүүдээр Касабланкад хядлага үйлдүүлж, 180 энгийн иргэнийг алсан байна. 1952 онд Францын тагнуулынхан Марокког дэмжиж байсан тунис зүтгэлтэн Фархат Хачедийн амь насыг хөнөөлөө. Дахиад бослого гарсныг дахиад дарлаа. 100 гаруй хүнийг алжээ. 1953 онд Султан хааныг нь баривчилж, Корсик арал, дараа нь Мадагаскарт цөлөв. Өөрийн талын Султаныг шинэ хаанаар өргөмжлөв.

Ард түмэн шинэ хааныг хүлээн авсангүй, эсэргүүцлээ. Алан хядлага, баривчилгаа ард түмнийг зогсоож чадсангүй. Францчууд зургаан удирдагчийг нь олон нийтийн өмнө цаазаллаа. Хариуд нь мянга мянган хүн талбайд гарч тэмцлээ. 1955 оны намар хоёр сарын дотор 1000 энгийн иргэн амиа алдсан байна. Бослого эрчимжсэн тул хуучин Султаныг хоёр жилийн цөллөгийн дараа эх оронд нь эргүүлэн авчрав. 1956 онд Султан Францын Засгийн газартай хэлэлцээ хийж, Марокко тусгаар тогтнолоо авсан түүхтэй. Одоо хоёр орон худалдааны гол түншүүд. Тавин жил сөргөлдсөн ч нягт харилцаа, холбоотой хэвээр. Мароккочуудын 35 хувь нь францаар ярьдаг. Марокко залуус ихэнх нь Францын их сургуульд суралцдаг. Франц улс гол хөрөнгө оруулагч .

Ийм хоёр орон өнөөдөр ногоон талбайд цусгүй тулалдах гэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(46.208.147.186) 2022 оны 12 сарын 14

Зээлж зээлэх - авах\nЗээлүүлж зээлүүлэх - өгөх

0  |  0
LESBI(192.82.86.201) 2022 оны 12 сарын 14

NIGERUUDIG EUROP AMERIKCHUUDAD ZARDAG BOOLIN NIIGEM HALTARUUD ARAI BARAHGUI BHA,

0  |  0
зочин(202.21.100.210) 2022 оны 12 сарын 15

Спорт ард түиэнийг улам нэгтгэнэ.

1  |  0
Top