Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөх шатандаа орлоо. Бүтэн сар спорт сонирхогчдыг цэнхэр дэлгэцийн өмнө өндөлзүүлсэн энэхүү тэмцээн өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлджээ. 2022 оны 12 дугаар сарын 18-нд алтан шаргал өнгөтэй, дизайн, экстерьерийн гайхамшигт шийдэлтэй, үзэсгэлэнтэй, 88,966 хүний суудалтай "Лусаил айконик" цэнгэлдэхэд шинэ дэлхийн аваргын нэр тодорно.
Одоогийн байдлаар тус тоглолтод гарах нэг багийн нэр тодорхой байгаа. Энэ бол Өмнөд Америкийн Аргентин улс. Аргентинчууд хагас шигшээд Хорватын багийг 3:0 бут ниргэн, финалд шалгараад байна. Алдарт Месси нэг гоол оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгч, Шилдэг тоглогчоор шалгарсан. Гэхдээ энэ үдэш ганц Лионель Мессигийн рекорд байсангүй. Авьяаслаг залуу Хулиан Альваресийн үдэш бас байсан юм.
Хорватын хаалганд түүний оруулсан гоолыг домогт Марадонагийн 1986 оны гоолтой адилтган магтаж байна. Хулиан Мессигээс бөмбөг аваад өрсөлдөгчийн хаалга хүртэлх 60 метр зайг 7,61 секундэд туулан, хоёр хамгаалагч, хаалгачийг хууран, гоол оруулсан билээ. Авьяас чадвараас гадна аз хийморь гэж юу болохыг тэр Катарт харуулж чадлаа. Аргентин даяар түүнийг шүтэн биширч, төрсөн нутаг нь баярлан бахархаж байна. Ганцхан сарын өмнө зүүдэнд ч ороогүй явдал. Учир нь Хулиан Альварес энэ тэмцээнд сэлгээгээр ирсэн юм. Гол довтлогч Лаутаро Мартинес бага зэрэг гэмтэлтэй байсныг тэр тултал нь ашигласан. Анхны тоглолтдоо гоол оруулсан тэр дараагийн тоглолтын өмнө хэдийн гарааны тоглогч болсон байлаа.
Хорваттай хийсэн тоглолтын өмнө олон нийтийн сүлжээгээр нэгэн гэрэл зураг тарсан нь 2011 оны зураг байв. Тэр жилийн зун Аргентинд “Америкийн Цом” олон улсын тэмцээн болж байлаа. Сүүлийн тойрогт Аргентины шигшээ баг Хулианы төрсөн мужийн нийслэл Кордовад тоглохоор ирсэн байв. Тэр үед Хулиан 11 настай, сургуулийнхаа багийн довтлогч. 2500 оршин суугчтай хөдөөний Кальчин тосгонд амьдардаг, гадагш том хот орох гэсэн хүсэлгүй хөвгүүн байлаа. Нийслэл Буэнос- Айрес явж, шигшээ багийн тоглолт үзэх талаар толгойд нь ч ордоггүй байв. Мессиг шүтэн биширдэг ч тоглолтыг нь үзнэ гэж бодож байсангүй. Гэтэл Лионель Месси ийм ойрхон ирчихсэн байдаг. Тосгоны түүхэнд Месси хамгийн ойр ирсэн нь энэ. Ойрхон гэхэд бас хэцүү юм. Тоглолт болох Кордова хот түүний Кальчин тосгоноос 125 км зайтай. Хулиан хүү ааваасаа Кордова явахыг гуйлаа. Ингээд ах дүү, аавтайгаа цуг 125 км алхаж, Кордовад очсон байна. Алс замыг алхаж туулсны хэрэг гарлаа. Цэнгэлдэхийн хаалган дээр удаан зогссоны эцэст тэд өдрийн хоолондоо гарч явсан Мессиг барьж чадсан юм. Энэ бол түүний амьдралынх нь хамгийн чухал гэрэл зураг.
2015 онд Мессигийн төрсөн өдрөөр Хулиан энэ зургаа олон нийтийн сүлжээнд оруулж, “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгч. #Месси28 “ гэж бичсэн байлаа.
Хулиан Альварес үнэхээр Мессиг шүтэн биширдэг. Одоо Аргентинд нэгэн видео бичлэг их хандалт аваад байгаа нь хүүхдийн тэмцээний бичлэг. 2011 оны зургаадугаар сарын 18-нд “Атлетико Кальчин” баг “Дефенсорес”-ийг 5:1 бут ниргэхэд гурван гоол оруулсан Хулиан Альварес ийм ярилцлага өгч байжээ.
– Чиний шүтээн хэн бэ?
– Месси.
– Чиний мөрөөдөл юу вэ?
– Дэлхийн аваргын тэмцээнд оролцох.
Энэ мөрөөдөл 11 жилийн дараа биелсэн. Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Дээр нь Месситэй хамт тоглож, нэг нэгэндээ дамжуулалт өгч, гоол хүртэл оруулсан.
Хулианы төрөлх Кальчин тосгоны өмнө “Хулиан Альваресийн нутаг Кальчинд тавтай морил” гэсэн самбар байдаг.
Альварес энэ тосгоны Ардын Баатар гэсэн үг. Түүнийг энд амжилттай яваа од гэдгээс гадна хүн чанараар нь үнэлдэг, хүндэлдэг.
Альваресийн анхны багш нь Рафаэль Варас. Тэр өдөр нь хүнсний дэлгүүрт жолооч, ачигч хийж, үдэш нь “Атлетико Кальчин” багт хүүхдийн дасгалжуулагч ажилдаа ордог. Хүүхдэд хөлбөмбөг заах нь түүний хүслэн болсон ажил. Варас багш Хулианыг ирсэн цагаас нь онцгой хүүхэд гэж мэдэж байв. Тиймээс хэдэн нас ах хүүхдүүдтэй бэлтгэл хийлгүүлж, хатуужуулж байв.
Варас “Би түүний багш байгаагүй. Хулиан бүхнийг чаддаг тул түүнд юм заах шаардлага надад байгаагүй. Бага зэрэг зөвлөгөө бол өгч байсан байх. Найм, есөн настайдаа л тэр тав, зургаан хамгаалагчийг хууран гарч, рабон гоол оруулж байлаа. Тэр үед л би түүнийг ур чадвар дэндүү өндөр тоглогч байна гэдгийг ойлгосон. Жинхэнэ од болох тоглогч гэж мэдсэн юм” хэмээн дурсаж байлаа.
Хулиан том багийн Од болсон хойноо анхны багшид нь хүндрэл учирсныг нь дуулжээ. Варасын машин ачаа зөөхөд нь жижигдээд, супермаркетад ачаа зөөх ажлаа алдахад хүрээд байжээ. Нэгэн өдөр Хулианы аав түүнд утасдаж, “Гараад ирээч” гэж хэлсэн байна. Гэрээсээ гарч ирсэн Вараст машины түлхүүр өгөхөд тэр итгэсэнгүй. Харин машинаа хараад итгэснийхээ дараа асгартлаа уйлсан гэдэг. Альварес анхны багшдаа шинэ том фургон машин бэлэглэхдээ заавал уулзаж, учирч, зарлалгүй чимээгүйхэн өгсөн нь энэ.
“Дараа нь Хулиан утсаар ярьсан. Арван минут ярихдаа би гуравхан үг л хэлж амжсан байх. Сэтгэл хөдлөөд, нулимс асгараад л байсан” гэж Варас ярьж байв.
Хэчнээн чимээгүй бэлэглэсэн ч тосгон даяараа бүгд мэдсэн. Жижигхэн тосгонд том машиныг нуух аргагүй шүү дээ.
2018 онд алдарт “Ривер Плейт” багт тоглож байхдаа тэр шигшээ багт анх дуудагдсан ч 2018 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй. Бэлтгэл хангагч хийж байхдаа Месситэй дахин зураг авхуулж чадсан бол дөрвөн жилийн дараа Хулиан Мессигийн хамтран зүтгэгч, багийн анд болжээ.
“Дэлхийн аварга болох нь бүх аргентинчуудад их чухал. Яагаад гэвэл хөлбөмбөг гэдэг энэ спорт Мессид өртэй юм” гэж тэр хэлсэн.
Энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь Месси тэр хоёрт ганцхан алхам үлдээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хүсэл мөрөөдөл, том зорилготрй, түүнийхээ төлөө зүтгэдэг мятрашгшй зүтгэлтэй, бвал хүн хаана ч хүрнэ. Өшөө олон олон жилгялалзаарай залуу минь
Gansuh joohon aldaagui bich l de commentiig chn unshihaas aij bn Morodono bhda yahavde hahaha
Амжилт гялалзуулаад өгөөрэй энэ пиналь та хоёр аргентини ард түмниих шүү тэнгрээс алдарт ах Мородоно харж бга
Хүсэл мөрөөдөлдөө хүрсэн гайхамшигт бяцхан хүү Альвариес! Улам тод гялалзах Аргентины од!!!