"Алтан" охин М.АНХЦЭЦЭГ мөнгөн медаль хүртлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Колумбын нийслэл Богота хотноо болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд дэлхийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Огцом өргөлтөд Анхаа маань 111 кг-ийг захиалсан ч гурван оролтоор өргөж чадаагүй. Иймээс нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болсон.

Харин түлхэлттэй өргөлтөөр эхний оролтоор 138 кг, хоёр дахь оролтоор 143 кг -ийг өргөж, мөнгөн медаль хүртлээ.

"Богота-2022" ДАШТ-д манай хүндийг өргөлтийн шигшээ баг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор таван эмэгтэй туйванчтай ( 55 кг-д Э.Энхтамир,59 кг-д Б.Хонгорзул, 64кг-д Г.Ануужин, 76 кг-д О.Дархижав) оролцсон. Э.Энхтамир, Б.Хонгорзул, О.Дархижав нар дэлхийн медальд ойрхон байгаагаа харууллаа. Далайн төвшинөөс эрс өндөрлөг газар дасан зохиох хугацаа бага очсон, жин их хассан нь нөлөөлсөн байх.

Г.Ануужин бол мөнгөн медаль хүрээд алдлаа. Жиндээ шилдэг наймд орсон Г.Ануужин маань жаахан алдаа гаргаагүй бол дэлхийн медальтан болох байв. Анхаа маань огцом өргөлтдөө ядаж нэг оролдлогоо амжилттай гүйцэтгэсэн бол нийлбэрээр ямар ч өнгөтэй медаль авах боломж байлаа.

М.Анхцэцэг гурван ДАШТ-д гурван өөр жинд медаль хүртлээ. Тухайлбал:

2017 онд АНУ-ын Анайхамаас огцмоор хүрэл, 2019 онд Тайландын Паттайягаас мөн огцмоор хүрэл, 2021 онд Узбекистаны Ташкентаас огцом болон түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болж байсан билээ.

Тэмцээний дараа дасгалжуулагч Ц.Хосбаяр:

-Тэмцээнд цагийн зөрүү болон газар зүйн байрлал, уур амьсгал их нөлөөллөө. Бүүр санасандаа хүртэл оролцож чадсангүй. 2-3 медаль авах боломжтой гэж харж, төлөвлөж байсан.

Алдаа гаргалаа, бас шалтгаанаа ч олж харлаа. Энэ бүхнээ засаад дараагийн тэмцээнүүд оролцоно. Анхаа бол мөнгөн медаль авах гэж ирээгүй хэмээн өгүүлэв.

Дэлхийн аваргын мөнгөн медалийг "чамлаж" байна гэдэг чинь аргагүй л аварга тамирчны, алтан медальтай дасгалжуулагчийн үг, бэлтгэл сургуулилт сайн, итгэлтэй байгаагийн шинж дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.3) 2022 оны 12 сарын 18

gaikhaltai saikhan khumuus shuu , bravo

1  |  0
Шударга үнэн(66.181.179.187) 2022 оны 12 сарын 15

4 удаагиин дэлхиин аваргаас 4 удаа мёдал авж бгаа шүү \nСпортын домогуудын эгнээнд жагслаа Анхаа

0  |  0
Top