Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өндөрлөхөд ердөө хоёрхон тоглолт үлдлээ.
Хэдийгээр Марокко "Катар-2022" дэлхийн аваргын гол сенсаац, тод чимэг нь болж, Арабын ертөнц, Африк тивийн бахархал, бэлгэдэл болж байгаа ч "жинхэнэ" хөлбөмбөгт дуртай олон хүн энэ тоглолтод Францыг хожоосой, финалд Аргентинтай тулаасай хэмээн бодож байсан байхаа.
Дэлхийн аваргууд тоглолт эхлээд ердөө таван минут ч өнгөрөөгүй байхад эхний довтолгоогоороо л гоол орууллаа. Варан төвөөс маш гоё нээгдсэн Гризманнд цагаа олсон, оновчтой дамжуулалт өгснийг Антуан Мбаппе руу хөндлөн дамжуулан цаадах нь шууд л хаалга руу цохилоо. Хамгаалагчид ойгоод ирэхэд Килиан дахин цохиж, энэ удаа "хачир" авсан бөмбөг Тео Эрнандес руу очив. Нилээд өндөрт ирсэн бөмбөгийг Тео "тэквандо"-ийн тамирчин шиг хөлөө өндөр гарган хаалга руу, нөгөө "цоожтой" Бунугийн ойрын буланд цохин бас л нэг дэгжин гоол орууллаа.
Француудын хурдан гоол "Атласын арслангуудын" тоглолтын үндсэн тактик болох өөрсдөө бөмбөг эзэмшихээс зайлсхийж, хий гаргалгүй хамгаалж, боломж гарвал хийхээ өөрчлөхөөс аргагүй болгов.
Тэд бөмбөгийг илүү их эзэмшиж, уйгагүй довтолж эхэллээ. Санаанд оромгүй эхлэл тоглолтыг харин ч сонирхолтой болголоо. Дэлхийн аваргууд одоо мароккод санаачилгаа өгч, өөрсдөө сөрөг довтолгоогоор хожлоо баталгаажуулах нь чухал.
Хэдийгээр цөөхөн ч гэсэн Францын сөрөг довтолгоо чанартай, аюултай болж байв. Жиру, Мбаппе тоогоо ахиулах боломжийг ашиглаж чадсангүй. Жиругийн хүчтэй цохилт хаалганы шон онох жишээтэй.
Мароккочууд бас довтолж тоглож чаддаг гэдгээ харуулсан. Гэхдээ гоол оруулахгүй ингэж довтолгоонд улайрвал эрт орой хэзээ нэг цагт өөрсдөө гоол алддаг аюултай.
Францын ахлагч, хаалгач хэд хэдэн аюултай бөмбөгийг хаасаан, хаасан.
Ялангуяа эхний үеийн төгсгөлд Мароккын Эль Ямик маш гоё "унаж татасныг" Льорис арай л гэж хүрч хаасан. Энэ гоол орсон бол бас супер гоол болох байлаа.
Хоёрдугаар хагаст байдал хэвээр. "Арслангууд" дайрсаар. Гэхдээ үр дүнд хүрч, төгсгөл хийж чадахгүй хэвээр.
Тоглолтын 80 дахь минутад талбайд сэлгээнээс орж ирээд минут ч болоогүй Францын Коло Муани Мбаппегийн цохилт мароккын хамгаалагчаас " хачир" аваад ирснийг эхний хүрэлтээрээ л " чихээд" тоог 2:0 болголоо.
Ингээд тоглолтын хувь заяа шийдэгдэв.
Мароккочууд тоглолтын эцсийн минутыг, нэмэлт минутын сүүлчийн хормыг дуустал довтолсоон, ядаж нэг гоол хийчих гээд.
Даан ч аз од дандаа түшдэггүй, " үлгэр" заавал төгсдөгийн адил, мөн Францын дэлхийн аварга багийн баавар, ур чадвар,класс илүү тул яаж ч чадсангүй. Болох ёстой юм болдгоороо болж Франц -Аргентин гэсэн супер финал гарлаа.
Сэтгэгдэл ( 0 )