МЕССИГ дэлхий шүтээд байгаагийн учир

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 17

Ж.БАЯРЖАРГАЛ

Өнгөц харахад бага балчиртаа фэн нь байсан залуус түүнийг дэлхийн аварга болгуулчих санаатай хичээгээд байгаа мэт. "Хөгширч байгаа юм нэг аварга болгуулчих юмсан" гэж бусдад уншигдаад ч байх шиг.

Гэтэл нидэр дээрээ, Лионелийг холоос харж өссөн хөвгүүд өсөхийн цагт түүнтэй мөр зэрэгцэн тоглохдоо Мессигийн "Ямар аугаа бие хүн болох"-ыг гүнээ ойлгож авсанд оршино. Өөрөөр хэлбэл, 10 дугаарт хөлбөмбөгчний эгэл байдал, даруухан зан бусдыг өөртөө яалт ч үгүй татжээ. Лионель ид шидийн мэт авьяастайгаас гадна дэргэдэх залуустаа тустай, хажуу дахь хамтрагчдаа дэмтэй. Хувийн амбицийг хоёрдугаарт тавьж, багийн амжилтыг нэгдүгээрт тавьдгийг нь тэдгээр залуус гүнээ ойлгож авсан, ойлгоод хүндэтгэсэнд л гол учиг бий.

Тийм ч учраас хагас хамгаалагч Де Пауль  ахлагчдаа хир халдаахгүй байна, гар ч хүргүүлэхгүй хамгаалж байна. Мессиг шигшээгээс зодог тайлахад "Эргэж ирэх"-ийг хүссэн захидлыг илгээж байсан Энцо Фернандес өдгөө Лионелийн ар талын хамаг ажлыг хийж байна. Багадаа түүнтэй хамт зургаа авахуулж байсан Хулиан Альварес хамгийн чухал үед багийн ахлагчдаа тусалж явна.

Тэд бага балчиртаа Мессиг шүтдэг байсан. Нэг багт тоглож эхэлсэн цагаас шүтэх үзэл нь хүндэтгэх үзэл болон тэлсэн тухай дээр өгүүлсэн утгыг бүгдээрээ өгүүлж ирсэн. Эмилиано Мартинес, Макаллистер, Паредес тэргүүтэй ид цагийн одод, Отаменди, Ди Мариа, Агуэро тэргүүтэй хуучин цагийн одод нь ч гэсэн Мессигийн эерэг чанаруудыг олонтаа онцлон хэлдэг.

Үүнийг ойлгохын тулд гурван шалгуураар л  жишээд үзчихэд хангалттай.

Өнөө цагт хэн гэдэг хөлбөмбөгчин ийм их хүндлэлийг хүлээж байна вэ?

Хэнүүс түүний төлөө амь биеийг үл хайхран тэмцэж байна вэ?

Урьд ийм үзэгдэл дэлхийн хөлбөмбөгт тохиолдож байсан уу? Магад Пеле л байх.

Тэгвэл илүү сайн ойлгогдох бас нэг баримт байна. Боксын энэ цагийг эзлэн буй Мексик од Сауль Альварес "Мессиг Мексикийн багийн өмсгөлийг гишгэлээ гэдэгт буруутгаж" дэлхий даяар хэл ам өдөөсөн байх аа. Тэгвэл уг хэрүүл нь мань боксчин Мессигээс уучлалт гуйснаар саяхан шувтарсан. Лео тийм биш гэдгийг Саульд бараг дэлхий даяараа ойлгуулж өгсөн учраас тэр. Агуэро, Тайсон, Ибрагимович, бүр Мексикийн багийн ахлагч Гуардадогоос өгсүүлээд спортын алдартнууд хүртэл түүний ухамсарт гүнзгий ухаарлыг хийж өгсөн байдаг юм.

Тиймээс хэн од, хэн илүү гэж маргах бус Месситэй ДАШТ-ээс кайф авах нь л хамгийн зөв шийдэл билээ л. Ингэж чадаж байгаа тод жишээ нь Английн домогт хөлбөмбөгчин Гарри Линекер байна даа. Цагтаа ДАШТ-үүдэд мандаж явсан топ довтлогч, Английн хамгийн үнэтэй, бас ончтой хэлдэг экспертээс зөрж маргах гээд үз л дээ. Тэгвэл Мессигийн сэтгэх чадварын аугааг Пеп Гвардиола хэлээд өгчихсөн л. Яагаав, Ман Ситигийн тоглогчдоо заавар өгч буй цуутай бичлэг байдаг даа, Youtube-д.

Эцэст нь, Мессиг дэлхий даяараа шүтээд, дэмжээд, хайрлаад байгаагийн учир нь түүний даруу занд л оршиж буй. Үүнийг Монголоор "Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу" хэмээн тайлж хэлсэн байдаг.

Эрдэм байхад алдар аяандаа ирнэ. Даруу байхад хүндлэл жамаараа бий болно.

"Эрдэм ба Алдар + Даруу ба Хүндлэл" хэмээх хоршоо ойлголт нь нэг савааны хоёр тал гэдгийг Месси өөрийнхөө түүхээр, өөрийнхөө үйлдлээр ийнхүү тайлж өгүүлэн  явна.

Тиймээс Лионель Андрес Месси мандаж буй энэ ДАШТ-ээс зүгээр л баярыг амталж, жаргалыг мэдэрч авах нь түүний эрин үед амьдарч буй бидний хамгийн том завшаан буй за.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(49.0.130.132) 2022 оны 12 сарын 20

за шаагаарай Баяржаргал аа.

0  |  1
Хэнүүс (202.131.248.198) 2022 оны 12 сарын 19

Хэнүүс

1  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 12 сарын 19

magadgui ldee ARGENTIN DELHIIN AVARGA BOLOOSOI GEED BI L LAV...HUSEJIINE. MECCI AVARGIIN ALTAN TITEMIIG ZUUGEESEI.. HUDULMURIIG N UNELEESEI L GEJ HUSEJIINEDEE...

3  |  0
Top