Катар-2022: Аргентин гурав, Месси анхныхаа Дэлхийн Цомыг өргөлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Өнөөдөр өглөө Катарын “Лусаил Айконик” цэнгэлдэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт болж өндөрлөлөө. Дэлхийн шилдгүүдийг манлайлан Франц, Аргентины шигшээ баг тодрон үлдсэн байв. Тоглолтын өмнө хэн нь ялах талаар шинжээчдийн дүгнэлт бараг тэнцүү байсныг хэлэх хэрэгтэй. Лионель Месси, Килиан Мбаппе гэсэн хуучин, шинэ хоёр одын халз тулаанаас Цомын хувь заяа шийдэгдэх нь ойлгомжтой байсан. Хоёр од ч олон сая хүнийг шуугиулсан сайхан тоглолт үзүүлсэн юм. Хоёр баг фэнүүдээ ээлж дараалан, баярлуулж, уйлуулж, сэтгэлийн хатыг нь шалгах гэсэн мэт л тоглолт боллоо. Ийм өрсөлдөөнтэй финалын тоглолт ДАШТ-ий түүхэнд байхгүй.

Тоглолт эхлээд л Аргентин санаачилгыг гартаа авсан. Тэд илүү бөмбөг эзэмшиж, довтолж байлаа. Харин францчууд огт өөр баг болсон мэт номхон. Тулааны өмнө хэвлэлээр гарсан Францын шигшээд тэмээний ханиад гарсан гэдэг мэдээ үнэн байх нь гэж бодохоор харагдаж байв.

23 дахь минутад Францын довтлогч Усман Дембеле торгуулийн талбайдаа алдаа гарган, аргентин тоглогчийг унагаалаа. Лионель Месси пенальтигаас ээлжит нэгэн гоолоо оруулав. Францын баг идэвхгүй хэвээр. Мбаппе бараг бөмбөг аваагүй бол Жиру харагдсангүй.

36 дахь минутад Аргентины хурдан сөрөг довтолгоо амжилтад хүрлээ. Мессигийн оролцоотой өрнөсөн дайралт Анхель Ди Мариягийн гоолоор өндөрлөж, тооны харьцаа 2:0 Аргентин тасарч эхлэв.

Францын дасгалжуулагч Дешам сандарч, Жиру, Дембеле гэсэн хоёр довтлогчоо эхний үе дуусах дөхөж байхад сэлгэлээ. Гэсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Тоглолтын ная дахь минут хүртэл Аргентин илт давуу тоглож, Францын шигшээ яаж гоол хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй байлаа.

Дэлгэцээр үе үе Мессиг гаргаж, Месси ч дотроо дэлхийн аварга болоход арван минут үлдлээ гэж бодож байсан болох. Эсвэл өмнө нь Нидерландыг бас 2:0 хожиж яваад юу болсныг дурсаж байсан байх. Үнэхээр ч тийм зүйл дахин тохиолдсон.

Шүүгч дүрэм зөрчсөн хэмээн Аргентины хаалганд пенальти заасан юм. Мбаппе гоол оруулж тооны харьцаа 2:1.

Ердөө нэг минутын дараа Францын Коман Аргентины бөмбөгийг тасалж, Мбаппед өгсөн, залуу од үнэхээр сайхан цохилтоор тооны харьцааг тэнцүүллээ.

Хоёр минутад хоёр гоол. Үлдсэн цагт Франц сэтгэл зүйн давуу байдалтай боллоо.

Ингээд нэмэлт цаг эхэлсэн. 109 дэх минутад Лионель Месси гоол оруулж, дахин Аргентин тэргүүлсэн ч, цаг дуусахаас гурван минутын өмнө Мбаппе пенальтигаас хариуг нь барилаа.

Пенальтигаар дэлхийн аваргын хувь заяа шийдэгдэнэ. 11 метрийн тулаанд Аргентины хаалгач Мартинес “пенальти мастер” гэдгээ харуулж, Аргентиндаа, Мессид Алтан Цом авчирч өглөө.

Тиймээ Лионель Мессиг замналынх нь турш эх орондоо дэлхийн аварга цол авчирч ирээгүй гэж бичдэг байсан. Диего Марадонагаас дутуу зүйл нь Дэлхийн аваргын Цом л байсан. Месси түүнийг авч чадлаа.

Аргентины шигшээ 1978, 1986, 2022 оны гурван удаагийн дэлхийн аварга болсон бол алдарт Месси анхны дэлхийн цомоо өргөж, гайхамшигт замналаа одоо өндөрлүүлсэн ч дутуу, харамсах зүйлгүй боллоо.

Финал

Аргентин – Франц 3:3 (2:0, 0:2, 0:0, 1:1), пенальти - 4:2

Lusail Iconic Stadium

Гоол:

1:0 – 23, пенальти Месси, 2:0 – 36 Ди Мария, 2:1 – 80, пенальти Мбаппе, 2:2 – 81 Мбаппе, 3:2 – 108 Месси, 3:3 – 118, пенальти Мбаппе.

Аргентин – Мартинес, Молина (Монтьель, 90), Отаменди, Ромеро, Тальяфико (Дибала, 120), Де Поль (Паредес, 102), Мак Аллистер (Песселья, 116), Фернандес, Ди Мария (Акунья, 64), Месси, Альварес (Мартинес, 103).

Франц – Льорис, Кунде (Дисаси, 120), Варан (Конате, 113), Упамекано, Эрнандес (Камавинга, 71), Рабьо (Фофана, 96), Тчуамени, Жиру (Тюрам, 41), Гризманн (Коман, 71), Дембеле (Коло-Муани, 41), Мбаппе.

Пенальти: 1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 4:2.

Шар хуудас: Мартинес (1), Фернандес (45), Рабьо (55), Тюрам (87), Жиру (90), Акунья (90), Паредес (114), Монтьель (116).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top