Германы “Бавари” Аргентины хаалгачийг сонирхож эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Катарт хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Дөрвөн жилд нэг удаа явагддаг ДАШТ-д амжилттай оролцсон тоглогчдын зах зээлийн үнэ ханш өсөж, том багуудад очин, амьдрал нь өөрчлөгддөг уламжлалтай. Ийм тамирчдын нэг нь Аргентины хаалгач Эмилиано Мартинес юм.

Эмилиано “Катар-2022” тэмцээний шилдэг хаалгачаар шалгарсан. 11 метрийн цохилтыг гаргуун хаадгаа харуулсан тэрээр Аргентины багийн Дэлхийн Цомд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан.

“Media Foot”-д бичсэнээр Германы аварга загас “Бавари” Мюнхен баг түүнийг авахаар сонирхож эхэлсэн гэнэ. “Бавари” багийн шинжээчид Катарт маш олон хаалгачийн тоглолтыг судалсан байна. Тэдний дүгнэлтээр аргентин хаалгач бүх шаардлагад нь бүрэн нийцэж байгаа ажээ. Эмилиано Мартинес одоо Английн “Астон Вилла” багт тоглож байгаа, гэрээ нь 2027 оны зургаадугаар сар хүртэл хүчинтэй.  

Мюнхен хотын багийн хаалгач Мануэль Нойер “Катар-2022” ДАШТ-д амжилтгүй оролцсоныхоо дараа амралтаа авсан. Амралтаараа ууланд цанаар гулгаж байгаад унаж, хөлөө хугалсан. Хагалгааны дараа эмч нар түүнийг энэ улирал дахин талбайд гарах боломжгүй гэж оношилсон юм.

“Бавари” баг саяхан Хорватын хаалгач Доминик Ливаковичийг авахаар хэлэлцээр хийж эхэлсэн байсан. Энэ хэлэлцээр бүтэлгүй болов уу, эсвэл тэд дэлхийн хэмжээний гурван хаалгачтай болох гэж байна уу гэдэг ойрын үед тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZZ(202.21.121.66) 2022 оны 12 сарын 20

Bavaria bisha. Zasaj bicheerei. Bayern Munchen\n

0  |  0
Top