М.Лхагвагэрэлийн өрсөлдөгч О.Болтин мэргэжлийн бөхийн анхны тулаанаа хийлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Мэргэжлийн бөхийн түүхэн дэх хамгийн анхны казах тамирчин Олег Болтин Японд анхны тулаанаа хийлээ. Түүнийг Монголын бөх сонирхогчид сайн мэднэ. Чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд барилдаж, 2021 онд Азийн аварга болж, олимп, дэлхийн аваргад оролцож байсан бөх.

Өнгөрсөн ДАШТ-д манай М.Лхагвагэрэлд ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарч байсан билээ. Одоо ч М.Лхагвагэрэлтэй олон нийтийн сүлжээгээр харилцаатай байдгаа Казахстаны хэвлэлд ярьсан байдаг.

Олег Болтин Японы мэргэжлийн бөхийн New Japan Pro-Wrestling холбоотой гэрээ байгуулсан бөгөөд энэ сарын 4-нд “NJPW Wrestle Kingdom 17” тэмцээний урьдчилсан тулаанд гарлаа. Өрсөлдөгч нь мэргэжлийн дэвжээнд 50 тулаан хийсэн Рехэй Оойва байсан бөгөөд тулаан тэнцээгээр өндөрлөлөө.

New Japan Pro-Wrestling холбоог домогт Антонио Иноки байгуулсан.

Болтин эхний тулааны дараах ярилцлагадаа “Асга хочит Дуэйн Жонсон, UFC холбооны аварга асан Брок Леснар нар шиг бөх болохыг хүсдэг. Өнөөдөр урьдчилсан барилдаанд гуравхан минут тулалдсан ч их баяртай байна. Чөлөөт бөхөөр Токио олимп, ДАШТ-ий медаль авах зорилготой байсан ч чадаагүй. Цаашдаа мэргэжлийн бөхөөр оргилд нь хүрэх зорилго тавьсан. Мэргэжлийн дэвжээнд чөлөөт бөх ямар хүчтэй болохыг харуулна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.230) 2023 оны 01 сарын 15

Тийм л их хамаатай юм бол Лхагвагэрэлийг бас тэр мэргэжлийн бөх рүү явуулбал таарна

0  |  0
Top