Ослын газарт тансаг гуталтай ирсэн депутат шүүмжлүүлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

ОХУ-ын Рязань хотын нэгэн хороололд ахуйн осол гарч, олон зуун айл дулаалгагүй хоцорчээ. Хорооллын иргэдтэй уулзаж, байдалтай танилцахаар Рязань хотын иргэдийн зөвлөлийн дарга  Татьяна Панфилова ирсэн байна.

Халуун ус, пааргүй хөлдөж үхэх нь хэмээн гомдол тавьсан иргэдтэй уулзахдаа тэрээр 109 мянган рублийн Chloé гутал өмссөн байсан нь орон нутгийн сэтгүүлчдийн дургүйцлийг төрүүлсэн байна.
 


Сэтгүүлч Ракчеева “ВКонтакте" сүлжээнд “Зөөлөн гялгар товгор арьсан, есөн см өндөр өсгийтэй брэнд гутал хотын хөлдүү хороолол дунд алхахад хэр тохирох бол? Энэ гэрэл зургийг харахад ард түмний депутат Татьяна Панфилова явган явдаггүй нь мэдэгдэж байна. Хэрэв ийм гуталтай хотын гудмаар алхвал Гэмтлийн эмнэлэгт шууд очих нь тодорхой” гэж бичжээ.
 


Энэ хэргийн төгсгөл тун сонирхолтой. Хот даяар шуугиан гарч, иргэд эсэргүүцэл илэрхийлж эхлэх үед Иргэдийн зөвлөлийн дарга  Татьяна Панфилова нийтлэлийг бичсэн сэтгүүлчид хандсан байна. Гэхдээ мэдээгээ устга гэж тулгахын төлөө ярьсангүй.

“Хэлэхэд хэцүү байгаа ч үнэндээ би дуураймал бараа өмсдөг. Миний гутал жинхэнэ брэнд биш хуулбар нь. 109 мянган рубль ч биш” гээд 4500 рублиэр тус гутлыг авсан дэлгүүрийнхээ хаягийг хүртэл заасан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top