Жүдо: 9 их Дуулга, 4 Гран Притэй шинэ улирал

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Дэлхийн жүдо бөхийн 2023 оны шинэ улирал уламжлал ёсоор тэмцээн уралдаанаар дүүрэн байна. 2023 оны анхны тэмцээн энэ сарын сүүлээр Португалд эхэлж, улирал 12 дугаар сард Токио Их Дуулгаар өндөрлөнө. Хуваарьт нийт 14 чансааны тэмцээнээс гадна Дохагийн ДАШТ, тивийн аваргын тэмцээн багтжээ.

Хоёр улс шинээр Гран Прид нэгдсэн. Зургаадугаар сарын 2-4-нд Душанбе (Тажикистан), тавдугаар сарын 25-27-нд Линц (Австри) хот анх удаагаа жүдо бөхийн Гран Приг хүлээн авах юм.

Энэ улирлын гол онцлог бол ДАШТ маш эрт буюу тавдугаар сарын 7-13-нд Дохад явагдана.  Дэлхийн аваргаас өмнө зургаан чансааны тэмцээн байгаагийн эхнийх нь энэ сарын сүүлээр Португалд болно. Дараа нь Их Дуулга тэмцээнүүд Парис (2-р сарын 4-5), Тель-Авив (2-р сарын 16-18), Ташкент (3-р сарын 3-5), Тбилиси (3-р сарын 24-26), Анталья (3-р сарын 31 – 4-р сарын 2) үргэлжилнэ. Олимпын чансааны оноо өгөх тул гараа болгон үнэ цэнтэй.

ДАШТ-ий дараа дээр дурдсан хоёр шинэ Гран При тэмцээн болоод зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар Их Дуулга тэмцээнтэй.

Наймдугаар сарын 4-6-нд Унгарт Мастерс тэмцээн явагдаж, 18-20-нд нь Загреб Гран Притэй. Намрын анхны тэмцээн нь Баку Их Дуулга. Энэ тэмцээн есдүгээр сарын 22-24-нд болох товтой. 11 дүгээр сард Абу Даби Их Дуулга, 12 дугаар сарын 2-3-нд Токио Их Дуулга тэмцээнээр улирал дуусна.

Мэдээж есдүгээр сард Азийн наадам гэсэн том тэмцээн биднийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top