Премьер лигийн “Брайтон” багийн шинэ од Каорү Митома бол жирийн нэг хөлбөмбөгч биш тун онцгой нэгэн. Ингээд түүний талаар ярилцацгаая.
“Брайтон” сүүлийн хэдэн жил хэд хэдэн тун сайн хөлбөмбөгч гаргасан. Бен Уайт, Марк Кукурелья, Ив Биссума нар хэдийн “Их 6”-гийн багт тоглож байгаа бол одоо Мойзес Кайседо, Алексис Мак Аллистер нарыг худалдаж авахаар дараалал үүсжээ. Гэхдээ тэднээс өөр бас нэгэн од байгаа нь Митома юм.
Хэдийгээр Катарт Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнийг тоглолтын сүүлд л сэлгээгээр гаргаж байсан ч Испанийн шигшээгийн хаалганд орсон тэрхүү алдартай гоолын дамжуулалтыг тэр өгсөн билээ. ДАШТ-ий дараа Премьер лигт буцан ирсэн Митома Катарт тохиолдлоор гялалзаагүй гэдгээ харуулсан. 2023 он түүний хувьд “Эвертон”-д хийсэн гоолоор эхэлж, сүүлийн тойрогт “Ливерпуль” багийг 3:0 бут ниргэхэд гол үүрэг гүйцэтгэлээ. Ямар ч хамгаалагчийг хөнгөхөн хууран, хараацай мэт гүйж, оновчтой дамжуулалт өгөх түүний тоглолт толгой сайтай гэдгийг нь батлан харуулдаг.
Энэ жил 25 настай Митома багийнхаа лидер болоод зогсохгүй, Премьер лигийн Шилдэг шинэ тоглогч болохоор нэр дурдагдаад байна. Митома 24 хүрсэн хойноо л Европт ирсэн. “Кавасаки Фронтале”-д хүчин зүтгэж явсан япон залуугийн авьяас чадварыг “Брайтон” анх анзаарч, гурван сая еврогоор худалдан авсан юм. Шууд Англид тоглох болоогүй гэж үзсэн тул түүнийг Бельгийн ЮНИОН багт нэг жил зээлээр тоглууллаа. Гурван сарын дотор Митома шинэ багийнхаа чухал тоглогч нь болоод байв. 29 тоглолтод гарч, 8 гоол, 4 оновчтой дамжуулалттай, баг нь улсынхаа аварга болсон гээд бодоод үз.
Гуравдугаар сард Митома Японы шигшээг ДАШТ-д орууллаа. Учир нь тэр Австралитай хийсэн чухал тоглолтод 84 дэх минутад Миниминогийн сэлгээгээр гарч, 89, 94 дэх минутад ялалтын гоол оруулсан юм. Үүнээс хагас жилийн өмнө тэр Олимпод оролцсон. Сэлгээний тоглогч байсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод гоол хийсэн.
“Олимпод оролцсон нь надад их тус болсон. Би өөртөө дутуу зүйлийг ойлгож, айдсаа дарж сурсан. Чадахгүй бол яана гэж их сандардаг байсан юм. Чухал тоглолтод сайн тоглож чадахгүй бол яана гэж айгаад л. Харин олимпын дараа энэ айдас алга болсон” гэж тэр ярьж байв.
Зун нь Митома “Брайтон”-д эргэн ирсэн ч дасгалжуулагч Грэм Поттер түүнийг сэлгээ гэж л харж байв. Поттер “Челси” явж, Де Дзерби ирснээр байдал өөрчлөгдөв. Дзерби 4-2-3-1 схемээр тоглож, Митома зүүн жигүүрт тоглох боллоо. Анх удаа гараанд гарсан тоглолт нь “Челси”-гийн эсрэг тулаан. Тав дахь минутад л Каорү хоёр хамгаалагчийг хуураад Троссарт гоолын дамжуулалт өглөө. Тэр өдрөөс хойш Митома байнга гараанд гардаг болсон.
Яагаад ийм авьяаслаг залууг 24 нас хүрсэн хойно нь л Европын шинжээчид анзаарсан хэрэг вэ? Учир нь тэр улам сайжрахын тулд 19 настайдаа хөлбөмбөгөө орхиж, их сургуульд суралцсан юм. “Кавасаки”-д дажгүй тоглож байсан ч Митома насанд хүрэгчдийн их хөлбөмбөг тоглоход хангалтгүй байна гэж өөрийгөө үзэж байв.
“Үнэнийг хэлэхэд тэр үед надад мэргэжлийн хөлбөмбөгч болно гэсэн итгэл байгаагүй. Манай дээд багт Маеши, Итакүра нар (одоо Антверпен, Гладбах багуудад тоглож байгаа) тоглодог байлаа. Тэднийг хараад өөрийгөө дээд түвшинд тоглож чадахгүй гэж бодсон. Ингээд Цүкүба их сургуульд суралцахаар шийдсэн” гэж Митома дурсаж байна.
Цүкүба их сургуулийн хөлбөмбөгийн баг алдартай. Каорү ч хичээл сургуульдаа хөлбөмбөгөө ашигласан.
Түүний дипломын ажлын сэдэв нь “Хөлбөмбөгийн хууралт”. Митома багшийнхаа санал болгосон сэдвүүдийг хүлээн авсангүй, удирдагч багшдаа өөрийн сэдвээ л тулгаад байсан гэдэг. Тэр хамгаалагчийг яаж хуурах, ямар хөдөлгөөн хийх, яавал илүү үр дүнтэй хуурах гэдгийг шинжлэх ухааны үндэстэй судлахыг хүсэж байжээ. Тэр GoPro камер зүүж, өөрийн хууралтаа бичиж авч байв. Одоо уншигчдад Митома яагаад ийм сайн хуурдаг нь ойлгомжтой болсон байх. Тэр бөмбөг авахаасаа өмнө л өрсөлдөгчийн байрлал, зайг эцэст нь тултал судалсан байдаг. Тиймээс бөмбөг аваад доош харалгүй урагш хууран гүйдэг.
“Өрсөлдөгчийн хүндийн төв хаана байгааг тодорхойлох нь тун чухал. Түүний биеийг хөдөлгөж, төвийг өөрчлөхөд л би яллаа гэсэн үг”
Митомагийн дипломын ажил одоо Цүкүба их сургуульд залуу тамирчдын сурах бичиг болон ашиглагдаж байна. Их сургуульд байхдаа тэр зөв хооллож суран, булчингийн массаа нэмэгдүүлж чадсан. Зөв хооллолтын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, сургалтад хамрагдаж байлаа.
Хүчний дасгалыг ч тэр шинжлэх ухааны үндэстэй хийдэг. Төмөр өргөөд л нэл булчинтай залуу болохыг тэр хүсээгүй, өөртөө тохирсон бэлтгэлийн программ гаргаж чадах тусгай багштай байлаа. Митомагийн хурдан шалмаг хөдөлгөөнийг та нар анзаарсан байх. Тэр гүйлтийн техникээ Сидней, Афины олимпын наадамд оролцож байсан мэргэжлийн тамирчин Саторү Танигавагаар заалгаж, сайжруулсан.
Нэг үгээр хэлэхэд Митома их сургуульд байхдаа техник, биеийн хөгжил, тоглолт, хурд, хууралтаа шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлээд гарч иржээ.
Японы J лигт тэр 2020 онд анхны тоглолтоо хийсэн. Эхний улиралдаа 13 гоол, 13 дамжуулалтаар шинэ тоглогчийн рекорд амжилтыг давтсан. Японы лигт бүтэн хоёр улирал ч тоглож амжаагүй байхад нь “Брайтон” түүнийг авахаар Наран оронд ирсэн байв.
“Би багаасаа Европын багт тоглохыг хүсдэг байсан. Хамгийн хүчирхэг лигт нь шүү дээ. Англиас урилга ирэхэд явах ёстой газар маань гэж шууд ойлгосон” гэж тэр ярьж байв.
Каорү Митомагийн шинжлэх ухаанч тоглолт, арга барил Премьер лигт амжилт олсоор байна. Магадгүй удахгүй тэр хөлбөмбөгийн өөр нэгэн сэдвээр Англид доктор хамгаалахыг хэн ч үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )