Хүүхдийн мөнгөний асуудлаар өнөөдөр /2023.01.18/ Засгийн газраас мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг ирүүлжээ. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт 37.478 иргэн утсаар холбогдож мэдээлэл нягталсан бол 22.389 иргэн сум болон хороондоо биеэр ирж мэдээллийг нягталжээ. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна.
Сум болон хороодод Засаг даргаа ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг шуурхай гүйцэтгэж эхлээд байна. Нийт иргэдэд дахин анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдахаар байгаа иргэд нэгдүгээрт тайван байхыг хүсье. Энэ 91 хувьд хамрагдаж байгаа иргэдийн хүүхэд нэг ч хохиролгүйгээр хүүхдийн мөнгөө бүрэн авна.
Харин Өрхийн мэдээллийн сан дээр бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас хүүхдийн мөнгө авах 91 хувиас хасагдаад байгаа иргэдийнхээ мэдээллийг залруулах ажлыг Төр бүх түвшиндээ анхаарал хандуулж 14-21 хоногийн хугацаанд засаж залруулна гэдгийг дахин хэлье.
Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр ямар ч хохиролгүй мөнгөө авна гэдгийг иргэн бүр анхааралтай сонсож, хүлээцтэй тайван байж төрийн ажил гүйцэтгэж байгаа нэгжүүдэд харилцан хүндэтгэлтэй хамтран ажилласны үр дүнгээр энэ бүх нөхцөл бий болно гэдгийг ойлгож хамтарч ажиллахыг хүсье.
Нөгөө талаар цахим бүртгэлийн систем болох И-Монголиа ажиллаж байна. Иргэд маань нэг өдөр их хэмжээгээр хандаж, нэг дор ачаалал үүсгэсний улмаар энэ системд тодорхой саатал бий болсон. Үүнийг ЦХХХЯ богино хугацаанд зассан. Цаашдаа иргэдэд хэвийн үйлчлэх нөхцөлөө бүрдүүлсэн" гэв.
Сэтгэгдэл ( 0 )