“Рэйва эриний мангас” Очиай зургаа дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын "Кокүгикан" ордонд 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр макүшита зиндаанд өвдөг шороодолгүй тав дараалан ялаад байсан Очиай, Хаяатэфүжи хоёр халз барилдаж, Очиай ёрикири мэхээр ялж, макүшита зиндааг тэргүүлж эхэллээ.
 

Очиай бол сүмогийн ертөнцөд “Рэйва эриний мангас” хэмээн нэрлэгдээд байгаа залуу. 19 настай. 179 см өндөр, 156 кг жинтэй. Тоттори мужийн Күраёши хотын уугуул. Тоттори Жёохокү ахлах сургуульд байхдаа 2020, 2021 онуудад ахлах ангийн ёкозүна цолыг дараалан хүртсэн. Ахлах ангиа төгссөн өнгөрсөн жилийн есдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэн, сонирхогчдын сүмо бөхийн ёкозүна цол авсан. Тиймээс мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авч, Миягино дэвжээнд элсэн орсон юм.

Мэргэжилд барилдахынхаа өмнө “Миягино ояката шигээ Японы сүмо бөхийг сэргээн мандуулсан аварга болох хүсэлтэй. Бага ангид байхаасаа Хакүхо аваргын барилдааныг шимтэн үздэг байсан” гэж ярьж байсан билээ. Миягино ояката шинэ шавийнхаа талаар “Очиайг Тоттори мужаас төрсөн хоёр дахь ёкозүна болгох зорилготой. Энэ мужаас 53 дахь ёкозүна Котозакүра гарч байлаа” гэж хэлсэн юм.

Очиай сүүлийн барилдаанд адилхан 6 даваатай, макүшитагийн 40 дэх бөх Казэкинотой барилдахаар болоод байгаа. Түүнийг ялбал ирэх башёд жюүрёод дэвшин барилдах болно. Өөрөөр хэлбэл макүшитад ганцхан башё барилдаад цолтой бөх сэкитори болсон анхны сүмоч болох юм. Оюутны ёкозүна Митакэүми макүшитад хоёр башё барилдан, сэкитори болж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.11) 2023 оны 01 сарын 18

За мэдлээ, ийм чухал, амьдралд зайлшгуй хэрэгтэй, оюун ухаан тэлсэн гайхалтай мэдээ нийтэлсэнд баярлаад баршгуй, чи шуу Сугар-Эрдэнэ

1  |  0
Top