Ирэх 18 жилд нүдэнд үзэгдэх оддын тоо 2.5 дахин буурч болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

АНУ-ын судалгааны “NOIRLab NSF” төвийн эрдэмтэд дэлхийн хүн амын 30 хувийг шөнийн тэнгэрийн оддыг ажиглах боломжгүй болгосон гэрлийн бохирдол жил тутам 7-10 хувиар нэмэгдэж буйг тогтоожээ.

“Science” сэтгүүлд бичсэнээр, судлаачид “Globe at Night” хөтөлбөрийн хүрээнд оддын үзэгдэх байдлыг 2011 оноос хойш судалж байна. Ингэхдээ хүн бүр өөрийнхөө ажигласан шөнийн тэнгэрийн дүрс бичлэгийг “Globe at Night” аппликэйшн ашиглан илгээх боломжтой аж. Судалгааны явцад эрдэмтэд 2011-ээс 2022 оны хооронд Европ болон Хойд Америкт хийсэн 50 мянга гаруй ажиглалтын мэдээллийг шинжилсэн байна. Судалгааны дүнд 250 од үзэгдэх газарт төрсөн хүүхэд 18 насандаа зөвхөн 100-г нь олж харна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гэрлийн бохирдол нь зөвхөн одон орон судлалд ноцтой үр дагавар авчирдаг асуудал биш. Гэрлийн бохирдол нь биологийн цагийг алдагдуулахаас гадна соёлын өв алдагдахад хүргэдэг байна. Хүн төрөлхтний бүхий л түүхийн явцад хүмүүс шөнийн тэнгэрийг ажиглаж, сансрын биеттэй холбоотой барилга, байгууламж, үлгэр домог зохиодог байжээ. Судалгааны дүн мөн “иргэний шинжлэх ухаан“ буюу энгийн иргэдийн цуглуулсан мэдээллийг ашиглах боломжтойг харуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top