Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын "Кокүгикан" ордонд 13 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр макүшита зиндаанд өвдөг шороодолгүй зургаа дараалан ялаад байсан Очиай, Казэкино нар халз барилдаж, Очиай цүкиотоши мэхээр ялан, макүшита зиндаанд түрүүллээ. Ингэснээр тэрээр ирэх башёд жюүрёод дэвшин барилдах болно. Макүшитад ганцхан башё барилдаад цолтой бөх сэкитори болсон анхны сүмоч болох юм.
Очиай бол сүмогийн ертөнцөд “Рэйва эриний мангас” хэмээн нэрлэгдээд байгаа залуу. 19 настай. 179 см өндөр, 156 кг жинтэй. Тоттори мужийн Күраёши хотын уугуул. Тоттори Жёохокү ахлах сургуульд байхдаа 2020, 2021 онуудад ахлах ангийн ёкозүна цолыг дараалан хүртсэн. Ахлах ангиа төгссөн өнгөрсөн жилийн есдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэн, сонирхогчдын сүмо бөхийн ёкозүна цол авсан. Тиймээс мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авч, Миягино дэвжээнд элсэн орсон юм.
Мэргэжилд барилдахынхаа өмнө “Миягино ояката шигээ Японы сүмо бөхийг сэргээн мандуулсан аварга болох хүсэлтэй. Бага ангид байхаасаа Хакүхо аваргын барилдааныг шимтэн үздэг байсан” гэж ярьж байсан билээ. Миягино ояката шинэ шавийнхаа талаар “Очиайг Тоттори мужаас төрсөн хоёр дахь ёкозүна болгох зорилготой. Энэ мужаас 53 дахь ёкозүна Котозакүра гарч байлаа” гэж хэлж байв.
Сэтгэгдэл ( 0 )